18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Б.Баясгалан
10 сарын 26, 2018

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчинд холбогдох хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчинд хяналт шалгалт хийжээ.

Энэ талаар өнөөдөр тус газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 сургууль, 9 цэцэрлэгийн цахилгаан шугам тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ойр орчинд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд, станц, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар дотор цахилгаан шугам тоног төхөөрөмж нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хүслийн өргөө дунд сургуулиудад улсын ахлах байцаагчийн дүгнэлт, “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт үйлдэж 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааны ерөнхий щитийг нэг давхарт шилжүүлэх үүрэг өгч аюулгүй ажиллагааг хангуулан үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлсэн.

Шалгалтын явцад сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах “УБЦТС” ТӨХК- ийн Зүүн, Баруун түгээх төвийн эзэмшлийн хазайсан цахилгаан дамжуулах агаарын 11 тулгуурыг үүрэг даалгавар өгч тэгшлүүлж, ашиглагдахгүй байгаа хазайсан “Соёндрийм” ХХК, Новельнэтворк” ХХК-ийн 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагад үүрэг даалгавар өгч буулгуулсан. 

Ил задгай эзэнгүй, хүчдэлгүй байгаа 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 87 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулсан. Мөн хүүхдэд зориулсан аюулгүй ажиллагааны санамж плакатыг 1850 ширхэг хэвлүүлж дээрх сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд байршуулан, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлж шугам тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангуулан ажиллалаа" хэмээн ярилаа.

Холбоотой сэдвүүд

нмхг сургууль цэцэрлэг шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.