peak.mn
10 сарын 24, 2018
Мягмар гарагийн орой Италийн нийслэл Ром хотын хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлын цахилгаан шат эвдэрсний улмаас Оросын 20 гаруй иргэн бэртсэн бөгөөд тэд хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид байсан тухай Италийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 19:45 цагийн орчимд “Репубблика” метроны буудалд гарсан уг ослын талаарх цахим сүлжээгээр тарсан дүрс бичлэгээс үзэхэд, цахилгаан шат гэнэт хурдалсны дараа цахилгаан шатны доод хэсэг цөмөрсний улмаас олон арван хүн унаж бэртсэн бөгөөд тэдгээрийн орилох дуу чанга сонсогдож байжээ.
“Ослын дараа Оросын 17 иргэн эмнэлэгт хүргэгдсэн ба тэдний нэг нь хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрсэн” гэж “ANSA” агентлагийн мэдээнд тэмдэглэсэн бөгөөд Ром мужийн цагдаагийн газрын ажилтнууд уг ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээлсэн байна.
Оросын хөл бөмбөгийн “ЦСКА” багийн хөгжөөн дэмжигчид уг багийн “АС Рома” багтай хийх Аваргуудын лигийн тоглолтыг үзэхээр "Олимпико" цэнгэлдэх хүрээлэнг зорин явж байсан нь энэ ажээ. Үүний зэрэгцээ Ромын багийн дэмжигчид болон “ЦСКА” багийн хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний улмаас “ЦСКА” багийн нэг хөгжөөн дэмжигч хутгалуулж, хоёр иргэн хүнд гэмтэл авсан тухай “ANSA” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.