Өчигдөр шөнө Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилж АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьж байгаа мэдээ байна.

Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж байгаа ажээ.  Дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь олсон байх магадлалтай гэж сэжиглэж буй бололтой.

Түүнийг өнгөрсөн жилүүдэд нүүрлэсэн эдийн засгийн хямарлын гол буруутан гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нар илэрхийлж байсан юм.Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Хөрөнгийн биржийг будлиантуулж хаячихаад гадаадад олон жил болж ирчихээд том дарга болсон. Ийм эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон" гэж хэлж байсан билээ.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хувьд өнгөрсөн долоодугаар сард өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.