“Мандал женерал даатгал” компанийн Эрсдэлийн шинжээчид "Монгол Улсын эрсдэлийн тайлан"-г гурав дахь удаагаа бэлтгэн гаргажээ. 

Уламжлал ёсоор эрсдэлийг  “Эдийн засгийн” ба “Нийгмийн” гэсэн үндсэн хоёр бүлэгт хувааж үзсэн байна. 

Энэ удаагийн нийгмийн эрсдэлд согтууруулах ундаа оржээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь иргэдийн хувьд эрсдэлд өртөх, эрсдэлтэй үйлдэл хийх гол шалтгаан болдог. Манай улсын хувьд хатуулгийн түвшин өндөртэй архи нь согтууруулах ундааны хэрэглээнд голлох байрыг эзэлж байгаа нь өнөөгийн нийгэмд нэн түрүүнд анхаарвал зохих асуудал болсон байна. 

Эрчүүдийн нас баралтыг ихэсгэдэг гол хүчин зүйлийн нэг бол согтууруулах ундаа. Тухайлбал, согтууруулах ундаанаас болж жилд дунджаар 3.3 сая хүн нас барж байна. Түүний ихэнх нь эрэгтэйчүүд. 

Сүүлийн үеийн мэдээллээс харахад манай улсын эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.15 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх дадалтай байдаг гэнэ. 

Ийнхүү нийт 6000 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд байгаа ба нэг Монгол хүнд ногдох архины хэрэглээ нь жилдээ 50 орчим литр байгаа юм. Харин дэлхийд дунджаар нэг хүнд 10 литр архи оногддог байна.

Согтууруулах ундааны нөлөөлөл:

1-3 хундага: Зүрхний цохилт хурдсах ба биеийн дулаан нэмэгдэнэ. Илүү нийтэч, яриа болно.

4-6 хундага: Тархинд нөлөөлж, шийдвэр гаргах чадвар муудна. Толгой хөнгөрч хариу үйлдэл удаашрана.

8-9 хундага: Хэл яриа ээдэрч, нэг шөнийн дотор элэг архины хорыг гадагшлуулах боломжгүй болж шартана.

10-12 хундага: Архины хэмжээ биеийг ихээр хордуулж,  тухайн хүнийг бөөлжүүлж, хэвийн бус болгоно. 

12-с дээш: Бүрэн ухаангүй болгоно. Үхлийн аюултай.

эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөнөөс гадна эдийн засгийг хордуулдаг болохыг АНУ-н Атлантагын эмгэг судлалын төвөөс тогтоожээ.  Эдийн засгийн хувьд  авч үзвэл АНУ-д жилд дунджаар 223.5 тэрбум ам.долларын зардал зөвхөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүстэй холбоотойгоор гардаг. 

♦Үүнээс 72.2 хувь нь ажил цалгардалт, 

♦11 хувь нь эмчилгээнд, 9.4 хувь нь гэмт хэрэгтэй холбоотойгоор, 

♦үлдсэн 7.5 хувь нь бусад шалтгаанаас үүдэн гарсан зардлууд юм. 

Энэ нь дундажаар нэгж согтууруулах ундааг худалдан авах зардал бүрт 1.90 ам.долларыг түүний хор уршгаас нь болж нэмж төлдөг гэсэн үг аж.