Монголчууд бидний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэж, дэлхий ертөнцөд сурталчлан таниулсан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бүтээл туурвил, хичээл зүтгэлийн үр дүнд “Монгол судлал” хэдэн зууны өмнөөс үүсэн бий болж эдүгээг хүртэл өргөжин хөгжсөөр ирсэн билээ.

Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг, мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд болж, дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж оролцсон билээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон түүхтэй билээ.

Өнгөрсөн жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид оролцсон.

Тус хурлын оролцогчид Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгыг дэмжин Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам боллоо.

Энэ бол зуун зууныг өртөөлөн ирсэн эвийг сахиж, энхийг эрхэмлэн, амар амгалан аж төрөх монгол төрийн үзэл санаа, үнэт зүйлийг өнөө цагийн монголчууд бид өвлөн уламжилж, залгамжлан баримталж байгааг үнэлсэн хэрэг юм.

Цаашид ч Монгол Улс дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдлын төлөөх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, энэхүү байр сууриа улам бүр бататган бэхжүүлэх болно” гэж онцолсон юм.

Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын үеэр монголч эрдэмтэд олон санал хэлж, зөвлөмж өгсөн юм. 


"МОНГОЛ СУДЛААЧ МОНГОЛ ХЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ 
БАЙНГА ӨГЧ БАЙХ НЬ ЧУХАЛ"

Доктор Б.ГАЛААРИД:

-Монголч эрдэмтдийн их хурал тодорхой нөхцөл шалтгааны улмаас хойшилсоор долоон жилийн дараа боллоо. Миний олзуурхаж харсан зүйл бол залуу судлаачид энэ хуралд олноороо идэвхтэй оролцлоо. Энэ маш чухал юм шүү. Монгол судлал гэдэг зүйл цаашид оршин тогтнох эсэх тухай эргэлзээ, монгол судлалын төв цэг нь Монголоос алдагдаж алсрах вий гэсэн айдастай үе байсан. Гэтэл тийм нөхцөл байдал ерөнхийдөө үгүй болжээ гэж харлаа. Энэ удаагийн их хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор, өндөр хэмжээнд анхаарч зохион байгуулж байгаа нь бид монгол судлал руугаа буцаад анхаараад эхэлжээ, Монгол судлалыг өөртөө татаж чаджээ гэдгийн илэрхийлэл.

-Монгол судлал өөрөө дэлхийд биднийг сурталчлахаас гадна бидний өнгөрсөн түүхийг үнэн зөвөөр нь тодлон тогтооход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас Монголын төр аль ч үедээ, эдийн засгийн болоод улс төр, нийгмийн ямар ч цаг хугацаандаа энэ арга хэмжээг дэмждэг байх нь зүй юм. Анхааралдаа байлгахаас аргагүй эмзэг асуудал. 

Монгол судлалын төлөө бүхнээ зориулаад, чин сэтгэлээсээ хандаад явж байгаа гадны эрдэмтэн судлаачдыг бид ихээхэн анхаарах, тэднийг бодлогоор дэмжих, урам өгөх хэрэгтэй. Төслүүдийг нь дэмжих, санхүүжүүлэх, монгол хэл сургах, монгол орчинд нь ажиллуулах зэргээр хичээж дэмжиж байвал зөв байх юм. Залуу судлаачид монгол хэлний боловсрол чамгүй сайн байгаа боловч тэднийг илүү өндөр түвшний, судалгааны түвшний хэлний мэдлэг чадвартай болгоход анхаарах шаардлагатай юм байна гэж анзаарч байна. Монгол судлаач бол монгол хэлтэй байх ёстой гэсэн ойлголтыг байнга өгч байх гэх мэт олон асуудал байна.

Бөө мөргөлийн дахин сэргэлт, өнөө ба ирээдүйн ач холбогдлынх нь талаар тоймлож товч илтгэл тавьсан. Монгол үндэстний ой санамж эргэн сэргэх, үнэт зүйлээ буцааж олж авахад гол чухал зүйл нь шашны асуудал байдаг учраас бид үүнийг заавал судлах ёстой юм. Монголын уламжлалт болоод язгуурын шашин бол бөөгийн, буддын шашин. Бид нэгийг нь гүнзгий судлаад, нөгөөг нь шашин биш мэтээр ойлгоод хаячихдаг байсан үе бий. 

Хүн амын тодорхой хэсэг нь бөөгийн шашинтай гэсэн тогтвортой тоо бүхий судалгаа ч байна. Тэгэхээр бид үүнийг судалж, анхаарахаас өөр аргагүй. Үүний язгуур утга, орчин үежиж байгаа хэлбэр, бусад шашинтайгаа хэрхэн харилцан зохилдож, дасан зохицож байдаг мөн чанарыг нь бид судлах ёстой. Энэ бол зөвхөн нэг хоёр хүний хийх зүйл биш, Монголын төр ой санамждаа хадгалж авах, үлдээж өвлүүлж явах үнэт зүйлсийн нэг гэдэг үүднээс ихээхэн анхаарах зүйл юм шүү.


"монголчуудын түүх соёлыг таниагүй хүн ултай, суурьтай судалгаа 
хийх бололцоогүй"

Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор БИРТАЛАН АГНЕШ:

-Би “Монгол судлалын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээрээ хэд хэдэн асуудлыг хөндлөө. Юуны түрүүнд монгол судлалын үндэс суурийн талаар танилцууллаа. “Сонгодог монгол судлал”, “дагалдах маягтай хөгжиж буй монгол судлал” гэж юу болох талаар илтгэлдээ дурдсан. Сонгодог монгол судлал гэдэг нь монгол хэл, соёлыг олон талаас нь үзэж судалж буйг тэгж нэрлэж байгаа юм. 

Орос, Польш, Унгар зэрэг нь сонгодог монгол судлалыг хөгжүүлж яваа орнууд юм. Учир нь эдгээр улс оронд XIX зуунаас монгол судлалыг хөгжүүлж эхэлсэн тул ингэж хэлэх бололцоотой. Зарим улс орон хятад, манж, төвөд зэрэг судлалыг дагалдуулж зөвхөн монгол хэл, соёл, түүх, угсаатны зүй зэрэг ганц нэг салбарыг судлан хөгжүүлж байгааг нь дагалдах монгол судлал гэж хэлээд байгаа юм. 

Үүний зэрэгцээ судалгааны ажлаа тасралтгүй хийж байгаа судлаачдаас гадна нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг өөр бусад сэдвээр бичиж нийтэлж буй хүмүүсийг монгол судлаач гэж авч үзэх боломжтой юу? Эсвэл Монголыг судалдаг, эдийн засаг, улс төр зэрэг сэдвээр ажилладаг эрдэмтэд үү гэсэн асуултыг дэвшүүлсэн. Яагаад гэвэл, монгол судлаач гэдэг хэн бэ гэдгийг бүгдээрээ дахин нэг удаа тогтож бодох хэрэгтэй гэж үзэж байна. 

Түүхийг гажуудуулах, буруу тайлбарлах явдал бүх цаг үед байсан. Ганц нэг хүн дээр ийм дутуу дулимаг ажлын гүйцэтгэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед ийм явдал бас бус тохиолдолд илэрч байна. Иймд монгол судлаачийн нэр хүндийг сайтар хадгалахад ихээхэн анхаарах хэрэгтэй. Энэ асуудал бол зөвхөн монгол судлал дээр ажиллаж буй гаднын эрдэмтдэд хамаатай асуудал биш. Монголчуудад өөрсдөд нь ч хамааралтай ойлголт юм. Учир нь, нэгэнт чиг хандлага болж тогтвол нөхцөл байдал аюултай түвшинд хүрэх тул сануулга маягаар энэхүү асуудлыг илтгэлдээ дурдсан.

Нийгэм өөрчлөгдөх тутам судлаачдын барьж авч байгаа өнцөг олширч байна. Тухайлбал, монголчуудын орчин үеийн амьдралын хэв маяг нүүдэлчний ахуй хоёрын хоршил, нийгмийн хэрэгцээтэй уялдан өөрчлөгдөж буй монгол дээлний загвар гэхчлэн судалж байгаа хүн байна. Гэхдээ ийм судалгааг хийхэд монгол орон, монголчуудыг уг углуургаар нь таньсан хүн л энэ мэт судалгааг бодитоор нь хийнэ. Хэрэвзээ монгол орон, монголчуудын түүх соёлыг таниагүй хүн бол ултай, буурь суурьтай судалгаа хийх бололцоогүй юм.

Сүүлийн үед тогтвортой хөгжил гэж их ярьдаг болчихлоо. Цар тахлын өмнө гэж бодвол, 4-5 жилийн өмнө юм байна. Англид хэрэгжсэн нэг төсөлд би оролцсон юм. Тэрхүү төсөл нь дэлхий даяар уламжлалт маягаар хэрхэн амьдарч болох вэ, амьд байгалийг сүйтгэхгүйгээр хэрхэн оршин тогтнож болох вэ гэсэн асуудлыг хөндсөн байсан. Төслийн хүрээнд монголчуудын нүүдэлчин ахуйг жишээ татаж бичсэн. Сүүлд нь бараг дөрвөн хуруу зузаан ном хэвлэгдэн гарсан байсан лээ. Одоогийн нийгэмд монгол нүүдэлчдийн эртний мэдлэг хувь нэмрээ оруулж чадна гэдэгт эргэлзэшгүй.


"МОНГОЛ СУДЛАЛ ГЭДЭГ МААНЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ДАЙТАЙ ЗҮЙЛ БОЛЖЭЭ"

Шинжлэх ухааны академиийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.БАТ-ИРЭЭДҮЙ:

-Хэлийг нь судална гэдэг түүхийг нь судална гэсэн үг. Аливаа улсыг судлах нь цэвэр тухайн хүний сонирхолтой холбоотой. Монгол өөрөө түүх соёл баялаг учир сонирхон судлах эрдэмтэд олон. Мэдээж монгол хэлний хамгийн чухал судалгаа Монголд хийгдсэн, хийгдэж байгаа. Өвөрмонголын их сургуульд хийж байна. Тэгэхээр монгол хэлээ мэддэг хүмүүс нь хамгийн сайн судалгааг хийдэг гэсэн үг. Бусад орны хүмүүс бол эхлээд монгол хэл сураад, дараа нь өөр өөрсдийн өнцгөөс ажигласан зүйлсээ ярьж байх жишээтэй.

Монголтой холбоотой тодорхой нэг зүйлийг судалдаг цэвэр эрдэм шинжилгээний байгууллагууд харин нэлээд бий. Жишээ нь, Кембрижийн их сургуулийн монгол судлалын салбар эхэндээ зөвхөн хэл, утга зохиолын судалгаа явуулдаг байсан бол одоо соёл, нийгмийн антрополог руу судалгаагаа чиглүүлэх болсон. Одоо тэнд мастераас дээш түвшний судлаач бэлтгэж байна. Германы Боннын их сургуульд монгол судлалын анги 1950-иад оны сүүлээр байгуулагдсан. Одоо энэ сургуульд ямар нэг хэл судлан суралцагсдад монгол хэлийг давхар судлах сонголт байдаг. Мөн Гумболдын их сургуульд монгол судлал бий. Иймэрхүү хэмжээнд л байна.

Монгол судлал гэдэг бол Монголын тухай цогц мэдлэг гэж ойлгож болно. Энэ утгаараа эхлээд хэл бичгийн эрдэмтэд хуран чуулж байсан бол өнөөдөр улс төр, эдийн засаг, хууль, соёл, шашин гээд маш өргөн хүрээний асуудлаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, монгол судлал гэдэг маань шинжлэх ухааны дайтай зүйл болжээ. Хүмүүсийн хэлэлцүүлж байгаа илтгэлүүдийг ажиглаж байхад уламжлалт болоод цоо шинээр бий болж байгаа хандлагын аль алиныг нь эрдэмтэд нарийн судалж байгаа юм байна. 

Гадаадын эрдэмтэд ч мөн өөр өөрийн өнцгөөс сонирхолтой судалгаа хийж байгааг харж байна. Анх 34 монголч эрдэмтэн ирж оролцож байсан их хурал өргөжиж, хүрээгээ тэлсээр 420 орчим монгол судлаачийг хамарсан том хурал ч болж байсан удаатай. Энэ удаад 20 гаруй орны 200 гаруй судлаач хурлыг зорьж ирснээс гадна манай 100 гаруй эрдэмтэн судлаач багш энд оролцож байгаа юм. Монголыг сурталчлахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол монгол судлал юм. Анхнаасаа ийм л зорилгоор хөгжүүлэхийн төлөө үе үеийн эрдэмтэд хичээж ирсэн.