Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчиллаа.

Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг амжилттай даван туулж өнөөгийн түвшинд хүрснийг тэмдэглэв. Түүнчлэн харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.

ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр БНАСАУ-тай хөгжүүлж буй уламжлалт, найрсаг харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж байгааг нотлов. Мөн ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд БНАСАУ-ын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.