Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна.

Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болжээ.

Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567-д хүрч, 1824 айлын орон гэр сүйдэж, 59 мянган өрх усгүй, 18 мянган өрх цахилгаангүй, 28 мянга гаруй хүн нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд байгаа аж.