УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийг томиллоо.

Тодруулбал, Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 42 гишүүний 32 нь буюу 76.2 хувь нь дэмжив. 

Улмаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 

1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.

Сануулахад, Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр санал гаргасан. Үүнтэй холбоотойгоор дээрх хүмүүс өөрсдөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлсөн юм.