Монголчууд ноолуурынхаа 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж гадагшаа гаргажээ

Манай улсын ноолуурын салбарынхан Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тус байгууллага эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг бөгөөд Монголын ноос ноолуурыг дэлхийд таниулан сурталчлахад ихээхэн анхаарч тусалдаг. 

Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлахаас гадна бага орлого, жижиг эдийн засагтай улсуудыг худалдаагаар нь дамжуулж дэмжих бодлого барьдаг. 2014 оноос Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн юм. 

Манай улсад айлчлал хийж буй ITC буюу Олон улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал, хатагтай Аранча Гонзалес МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзлаа. Хатагтай А.Гонзалес Монголын ноос, ноолуур үйлдвэрлэл, түүнд тулгарч буй асуудлуудын талаар ноос ноолуурын салбарын эмэгтэйчүүдтэй санал бодлоо хуваалцав.  

Мөн энэ үеэр төр, хувийн хэвшил хүчтэй хамтарч ажиллаж байж ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд амжилттай гарч чадна гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон онцолж байна. 

Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл юм байна. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүгээс ялгардаггүй аж. 

“Ноолуур” хөтөлбөрийн зээлд цөөн тооны том хэдхэн үйлдвэр л хамрагджээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон тодотгов.

Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. 

2017 оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915,6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн нь түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүнээр экспортод гаргажээ.

Холбоотой сэдвүүд

ноолуур экспорт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.