Д Витамин гэж юу вэ?

Д витамин нь "21 дүгээр зууны халдварт бус тахал " гэж нэрлэгдэж байгаа бөгөөд хүний биед зайлшгүй хэрэгтэй 13 витамины нэг юм.    


Д витаминыг юунаас авдаг вэ?

  1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Бид ихэвчлэн хүүхэд л Д витамин хэрэглэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл манай улсын иргэдийн 99 хувь нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа байна. Учир нь хүн нарны гэрлээс шаардлагатай D витаминаа нийлэгжүүлэн авдаг хэдий ч манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс байдаг. Мөн Д витамин нь салмон, туна, өндөг, элэг гэх зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэвч бидний хувьд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэггүй учраас хангалттай витамин авч чаддаггүй байна. Тиймээс нэмэлтээр Д витамин уух шаардлагатай гэдгийг эмч нар онцолж байна.

Дэлхийн хүн амын 60 хувь, Монголчуудын 99 хувь нь Д витамины дутагдалтай.

Бид Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл Д витамины рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлаж, тэдгээр эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр болдог байна. Тэгэхээр Д витамин нь  бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг.

Жирэмсэн эмэгтэйчүүд Д витаминаа хангалттай авч чадаагүйн улмаас хүүхэд нь төрөлхийн Д витамины дутагдалтай төрж байна. 

Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. 

Уг витаминыг тогтмол хэрэглэснээр 17 хавдрын эрсдлийг бууруулдаг болох нь батлагджээ.

Д витамин нь ясны эрүүл байдлыг хадгалах, дархлааны урвалын хэвийн үйл ажиллагааг хангах, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зэрэг ашиг тустай.


Д витамин дутагдахаар ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Хүний биед Д витамин дутагдвал дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Ядрах
  • Хөлрөх
  • Нуруу өвдөх
  • Сэтгэлээр унах
  • Үс унах 
  • Хоол шингэхгүй байх
  • Эрч хүчгүй болох
  • Гэрээс гарах дургүй болох

Тэгэхээр бидний заавал хэрэглэх витамин бол Д витамин юм. Д витаминийг өглөөний цай уусны дараа буюу үдээс өмнө уух ёстой байдаг аж. Гэхдээ та өөрийн дураар ууж болохгүй. Заавал шинжилгээ өгч, мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.