Монголд IV сараас хойш орж ирсэн бүх машины км, эвдрэл зэрэг мэдээллийг Ибаримт апп-аар хардаг боллоо

Б.Баясгалан
10 сарын 19, 2020

Монгол Улсын хилээр 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг "Ибаримт" аппликейшн ашиглан харах боломжтой болжээ. Энэ талаар ШӨХТГ, Сангийн яамны харъяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гэрэгэ системс компани хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШӨХТГ-аас "Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 935.000 тээврийн хэрэгсэл байгаа. Үүний 735.000 нь хөдөлгөөнд оролцож буйгаас 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна. Нийт тээврийн хэрэгслийн 3 хувь нь 0-3 жилийн насжилттай, мөн 3 хувь нь 3-6 жилийн насжилттай, 16 хувь нь 6-9 жилийн насжилттай байна. Үлдсэн нь хуучин болон хэт хуучин буюу 10 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэл юм.

2019 онд Монгол Улсын хилээр нийт 69.000 тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл байна. 

Иргэд гадааддаа осолдсон, үерт орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг мэдэхгүйгээр худалдан авдаг. Борлуулж буй хүн нь монголд яваагүй шинэ гэж хэлдэг процесс их байна. Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлж буй систем юм. Иймд бид Сангийн яамны харъяа Гааль, татвар, мэдээллийн технологийн төвд хүсэлт тавьсаны үндсэн дээр тус төв автомашины түүх, мэдээллийг Ибаримт системтэйгээ холбож, өнөөдрөөс албан ёсоор ашиглалтад оруулж байна" гэв.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг "Монгол Улсад 1.7 сая хүн ибаримт системийг ашиглаж байна. Тэд энэ оны 4 дүгээр сараас хойш Монгол Улсын хилээр орж ирсэн автомашины бүртгэл мэдээллийг саадгүйгээр утсан дээрээсээ үзэх боломжтой боллоо. 

Эхний ээлжид уг мэдээлэлд тухайн машин Монгол Улсын хилээр орж ирэхдээ хэдэн км зам туулсан, ямар гэмтэлтэй, ямар улсаас аль боомтоор орж ирсэн, хэдэн онд үйлдвэрлэгдсэн болон монголд орж ирсэн он сар, өдрийг харуулна.

Шалгах заавар: Иргэд ибаримт аппликейшн руугаа нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэс - Гаалийн ерөнхий газар - Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах гэсэн цэс руу орно. Улмаар арлын дугаар оруулах хэсэгт дугаарыг нь оруулаад дээрх бүх мэдээллийг шалгана. Энэ оны 04 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн бүх машины мэдээллийг шалгаж болно" хэмээлээ.

"Гэрэгэ системс" компани төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд анхаарч ажилладаг. Ялангуяа автомашинтай холбоотой бүх үйлчилгээ манайд байдаг. Автотээврийн үндэсний төв болон автомашинтай холбоотой үйлчилгээний бүх газарт манай КИОСК машинууд байдаг. Би маш олон системтэй холбогдож ажилладаг ч гаалийн системтэй холбогдоогүй байсан. Энэ боломжийг гаргаж өгсөн.  ШӨХТГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн хамт олонд талархлаа" гэлээ.




Холбоотой сэдвүүд

ибаримт автомашины мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.