“Монгол костюмс” ХХК нь хориод жилийн хугацаанд “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд түүхчид архелогичид эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг судлан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног бүтээсэн байна.

Энэхүү киног бүтээхийн тулд гадаад дотоодын 16 орон болон эх орныхоо нийт 40 гаруй газар нутгаар аялан, эрэл хайгуул хийжээ.

Уг киног Швецарийн хөгжлийн агентлаг ивээн тэтгэсэн бөгөөд “Сэмүүн студи” Монгол костюмс хамтран бүтээжээ.

Энэхүү баримтат киноны нээлт энэ сарын 25-ны өдөр Шангри-ла Өргөө 3 imax cinema театрт нээлтээ хийх юм. Нээлтийг үеэр”Байгаль дахь Монгол гоёл” нэртэй хадны сүг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн олны хүртээл болно.

Сонирхуулахад Монгол орны нутаг дэвсгэрээс олдож буй эртний хувцас өмсгөл, гоёл чимэглэлийн олдвор дотор XIIIXIV зууны монголчуудын хувцсыг судлах хэрэглэгдэхүүн арвин байдаг. Энэ нь тухайн үед Монголчууд дэлхийн тэн хагасыг эрхэндээ оруулж өөрсдийн ёс заншил, хувцас өмсгөлөө түгээн тархааж байсантай шууд холбоотой юм. 

Тухайн үеийн Европ болон Хятадаас томилон илгээсэн элч төлөөлөгчид Монгол оронд ирж тэндхийн ахуй амьдралыг нүдээр үзэж харснаа тэмдэглэн бичиж үлдээсний дотор хүмүүсийн төрх байдал, хувцас, гоёл чимэглэлийн талаар тун нарийн сайн өгүүлсэн нь цөөнгүй. 

Ийнхүү бичиж тэмдэглэсэн сурвалж баримтаас гадна монголчуудыг дүрслэн зурж үлдээсэн уран зургийн дурсгал нэлээд байдгийн тоонд Юань улсын үед бүтээсэн их эзэн Чингис хаан тэргүүтэй монгол хаад, хатадын хөрөг, Ил хаадын ордонд бүтээсэн миниатюр хэмээх номын чимэглэл зураг Юань, Мин улсын хятад зураачдын монгол дүр төрхийг дүрсэлсэн зарим зураг, сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал татаж буй Юань улсын үеийн бунханы туурган зураг зэрэг баялаг хэрэглэгдэхүүн бий.