Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд уламжлалт баярын үеэр хамгийн эрэлттэй байдаг барааны нэг дээлийн худалдааг сурвалжлахаар Нарантуул ОУХТ-ийг зорилоо. 

Бидний уулзсан эрхмийг Мөнхбатын Эрдэнэбат гэдэг. Тэрбээр Нарантуул ОУХТ-д наймаа арилжаа эрхлээд найман жилийг үдэж буй нэгэн. 

“Цар тахлын хүндхэн үеийг давсан учраас ирэх жилийг өөдрөгөөр төсөөлж байна” хэмээн инээмсэглэн ярих М.Эрдэнэбат бидний урилгыг найрсгаар хүлээн авч арилжаа наймаа, амьдралынхаа талаар ярилцсан юм.

 Бичлэг үзэх:


Наадам, цагаан сараар дээлийн худалдааны хэсэг олны хөлд хамгийн их дарагддаг. 

Жил ирэх тусам энэ хэсэгт худалдаачид нэмэгдэж, тэр хэрээрээ  өргөжиж, ашиг орлого ч тун боломжийн байжээ. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас арилжаа бараг зогссон, одоо л сэргэж эхэлж байгаа талаар энэ хэсэгт арилжаа хийдэг худалдаачид ярив.

Энэ талаар М.Эрдэнэбат “Үнэндээ хөл хорионоос болоод орлого шууд тасарсан. Дээлээ зарна гээд олноор нь оёулчихсан байсан ч цар тахлаас болоод хоёр жил шахуу гэртээ суулаа шүү дээ. Тэр талаар яриад ч яах вэ дээ. Миний хувьд зундаа уурхайд ажиллачихдаг учраас бас ч гэж гайгүй давсан. 

Бэлэн дээлүүдээ наадмаар,заримыг нь одоо ч зарж байна. Зөв л эвхээд хадгалах чухал байдаг. Хоол хүнс шиг муудчихгүй нь сайхан юм даа. Уг нь өдийд хүн зөрөх ч зайгүй үе.  

Оволзсон олон хүнтэй жилүүдтэй харьцуулахад худалдан авалт эрс багассан шүү, яах аргагүй. Гэхдээ болж бүтэхгүй юм алга. Тэгж гомдоллох ч дургүй. Гайгүй үедээ өдөртөө 4-5 дээл зарчихдаг. Олон түмнийхээ буянаар болоод л байна.” гэсэн юм. 

Түүний ард өнгө өнгөөр нь эрийтэл өрсөн дээлүүдийг М.Эрдэнэбатын аав ээж нь оёжээ.

Хэдийгээр тэтгэврийн насны хэдий ч зүгээр сууж сураагүй ажилсаг, хөдөлмөрч хүмүүс тул багахан цех ажиллуулж дээл оёсоор л байгаа гэнэ. 

Тэд таван ханатай гэрээр ажлын байр хийж, хоёр оёдлын машинаараа эдгээр дээлийг үйлдвэрлэдэг жинхэнэ ЖДҮ-лэгчид аж. 

“Аав ээж маань ч гэсэн дээл зардаг байсан юм. Өвөлдөө гадаа зогсож наймаа хийхэд хүйтэн учраас сүүлийн жилүүдэд эхнэр Ч.Отгончимэгийн хамт энэ ажлыг үргэлжлүүлж байна. Би өөрөө ч дээлийн дотор эсгэх, индүүдэх гээд орой тарж очоод зав зайгаараа ажилд нь элбэж тусалдаг.  Дээл оёно гэдэг бараг багийн ажил, олон хүний хөдөлмөр шингэдэг. 

Аав ээж хоёрын оёсон дээлийн товч шилбийг гэхэд тусдаа оёдог эгч бий. Манайхан ер нь уран хүмүүс л дээ. Дотроо ханцуйтай дээлийг гэхэд эгч маань анх оёж, тренд болгож байлаа. Хүнийг хувцаслана гэдэг чинь буянтай ажил. 

Монгол хувцас оёно гэдэг сэтгэл шаарддаг үйл. Баяр наадмаараа гангарах хувцас гоёлыг нь сэтгэлээ шингээж л хийх учиртай. Энд зарж байгаа дээл болгоны ард монгол хүний хөдөлмөр шингэсэн. Үндэсний дээл хувцсаа өмсөнө гэдэг монгол хүнээ л дэмжиж байна гэсэн үг” хэмээн ярив.

Бидэнтэй ярилцах зуур М.Эрдэнэбат хоёр ч дээл зарж амжив. 

Дээлийн хэсгийнхэн нэгэндээ элгэмсэг дотно хандацгаах аж. Наймааны хажуугаар нэгнээ явуулж, тоглоом наргиан хийхээ мартахгүй. М.Эрдэнэбатыг эхнэртэйгээ хамт хүнд дээл өмсүүлж зарах зуур “Энэ хоёр чинь манай Нарантуулын Адам, Ева хоёр байхгүй” хэмээн инээв. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх ажээ.

“Өнөөдөр хүйтэрчээ, даарч байна уу” гэхэд харин ч ойрдоо дулаахан сайхан байна, их хүйтэн өдөр хуруу бээрээд хүмүүсийг товчийг товчилж чаддаггүй. 

Миний хувьд эхнэртэйгээ хамт зогсдог учраас бас ч даарлаа гэхэд ээлжлээд халуун цайгаа уучихдаг” хэмээн сэтгэл өөдрөг ярих нь урамтай.

Хүмүүс энэ жил элдэв маяггүй энгийн дээлийг голдуу сонгож, асууж байлаа. Өнгөний хувьд хар дээл тренд болсон гэнэ. 

М.Эрдэнэбатаас энэ талаар асуухад:

“Хүмүүс энэ жил хар дээл нэлээд сонирхож байна. Бараг ирсэн хүн болгон хар дээл байна уу л гэх юм. Дагаад хар торго ч олдохоо больсон. Хилийн хаасан учраас даавуу, торго өмнөх шигээ элбэг биш байна. 

Мэдээж ховордсон бараа өсдөг жамаар үнэ нь нэмэгдсэн, цаанаа ч үнэ нь нэмэгдсэн гэнэ лээ. Ер нь хар гэлтгүй дээлийн үнэ өсчихлөө. Дунджаар 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн жилийд өдийд 380 мянган төгрөгийн үнэтэй 480 мянган төгрөгийн үнэтэй болсон. 

Нэгэнт даавуу, торго нэмэгдсэн юм чинь бид үнийг нь нэмэхээс аргагүй. Мэдээж сонирхсон хүмүүстэйгээ ярьж хөөрөөд, 10-20 мянган төгрөгөөр хямдруулаад өгнө л дөө. Гэхдээ л эцсийн хэрэглэгч буюу иргэд л үнийн өсөлтийг үүрч таарч байна” хэмээн өнөөгийн барааны хомстол, үнийн өсөлтийн талаар үнэнийг өгүүлэв.

Монгол дээл хувцас залуусын дуртай гоёл болсныг түүний худалдан авагчид батална.


Өөрөө ч эхнэрийн хамт монгол дээл, хантаазаа өмссөн нь нүдэнд дулаахан харагдаж байлаа. 

М.Эрдэнэбат “Манай залуучууд дээлээрээ гоёдог болсон. Ялангуяа найр наадамд зориулж голдуу хос дээл өмсөж байна. Би өөрөө ч гэсэн монгол хувцсаараа гангараад л явж байна./инээв/  Аав ээж хоёр минь монгол хувцасыг минь оёод өгчихдөг юм. 

Хүмүүс таарахаараа гоё харагдаж байна гэж хэлэхийг зөндөө сонссон. Дээлтэй холбоотой хөгжилтэй явдлаа хуваалцая л даа. 

Шагайн харвааны тэмцээнд орох гэтэл надад улавчны бэлэн мөнгө байдаггүй. Тэгсэн чинь сайхан монгол хувцсаа иж бүрэн өмсөж гээд улавч өгсөн./инээв/ 

Хүүхдийнхээ сургуулийн гадаа эргүүл хийсэн чинь хүмүүс цонхоо буулгаад л эрхий хуруугаа гаргаад, сайхан харагдаж байна гээд байсан. Ер нь монгол үндэсний хувцасаа өмсөж явахад хүмүүс их дуртай байдаг юм билээ” гэв.

“Дээл хэд вэ, хямдруулах уу, бэлгийн хэсгээр тойроод гарах уу, цагаан идээ хэд бол” гэх хүмүүсийн зөрөх зуураа хэлэх үгс хэсэгхэн тасалдсан цагаан сараа санагалзсаныг мэдрүүлнэ. 

“Барааны үнэ өссөн ч иргэд боломжоороо л уламжлалт баяраараа дээл хувцасаа сольж цагаан сараа угтахыг хүсэж байна. Ирэх жил сайхан жил болно оо” гэх худалдаачин залуугийн үгс ч үүнийг батлах мэт санагдсан билээ.