“Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ахлах менежерүүддээ зөвхөн “Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утас ашиглахыг үүрэг болгосон нь iOS үйлдлийн системтэй “Apple” компанийн iPhone утсыг ашиглахыг хориглосонтой ижил юм гэж “The New York Times” сонин өнгөрсөн лхагва гарагт гаргасан нийтлэлдээ дурджээ. 

Тус сонины мэдээлснээр, М.Цукерберг энэ талаархи үүргийг өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас буюу Их Британийн “Cambridge Analytica” компани “Фэйсбүүк”-ийн хэдэн арван сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулсантай холбоотой дуулиан шуугиан дэгдсэний дараа өгсөн байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөд ашигласан юм.

Менежерүүддээ iPhone утас ашиглахгүй байх шаардлага тавьснаа тэрбээр Android үйлдлийн системтэй гар утас ашигладаг хэрэглэгчдийн тоо илүү олон байгаагаар тайлбарлажээ. Харин “The New York Times” сонины нийтлэлд дурдсанаар, М.Цукерберг “Apple” компанийн тэргүүн Тим Кукын “Фэйсбүүк” компанид хандсан шүүмжлэлд эгдүүцсэн байж магадгүй байсан нь түүний энэ шийдвэртэй холбоотой аж.

Түүнчлэн “Фэйсбүүк” компани “Google” болон “Apple” компанийн талаар шүүмжилсэн нийтлэл оруулсан “Definers Public Affairs” компанитай хамтран ажилласан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TACC.ru