Б.Мөнхбат: Байгууллагууд таны нэр дээр хуурамч баримт шивсэн эсэхийг тайлангаа өгснөөр хянаж болно

ГАНБАТЫН БАТЗАЯА
10 сарын 17, 2023

Байгууллагууд татвараас зайлсхийхийн тулд хувь хүний нэр дээр баримт шивэх тохиолдол гардаг. Үүнээс болж хувь хүн эрсдэлтэй татвар төлөгчийн ангилалд орж, улмаар өр төлбөрт унах эрсдэлтэй. Тэгвэл энэ эрсдэлээс хэрхэн сэргийлж болох талаар  Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн дарга Б.Мөнхбат зөвлөж байна.

Би ийм орлого олоогүй байсан чинь танай татварын албанаас эрсдэлтэй гэж мессэж ирээд, тайлан өг гэлээ гэдэг. 

Нэг удаагийн ийм тохиолдлыг жишээ болгож яръя. Татвар төлөгчийг дуудаад та ийм орлого олсон байна, ямар газраас орлого олов гээд шалгаж үзэхэд номын дэлгүүр байсан. Ингээд тухайн номын дэлгүүрийн нягтланг дуудаад уулзахад тухайн зохиолч номыг худалдахаар авсан байгаа юм. Гэхдээ тэр ном нь зарагдаагүй, тухайн зохиолчид нэг ч төгрөг олгоогүй байж тодорхой хэмжээний мөнгө олгосон гээд тайландаа тусгачихсан. Ингээд тухайн зохиолч номын дэлгүүрээр тайлангаа засуулсан.

 Иймэрхүү зөрчлүүд маш их гардаг. Өөрөө мэдэхгүй орлого олчихсон, нөгөөдөх нь өөр нэг компанийн хасагдах зардал болоод татвар ногдох орлогоос нь хасагдаад явж байдаг. Энэ тохиолдолд иргэн та өөрөө татварын тайлангаа өгч байж л хянаж чадна, бууруулж чадна гэсэн үг. 

2022 онд орлого олчихсон иргэн тайлангаа дараа жилийнх нь 1-р сарын 1-нээс 2-р сарын 15-ны дотор өгөх ёстой. Гэтэл манай иргэд үүнийг тоодоггүй. 

Тээврийн хэрэгсэл импортолж зардаг хүмүүс байдаг.  Уг нь хил дээр хамаг татвараа төлөөд л орлогоо олоод явж байгаа хүмүүс. Татварынхаа дийлэнх хэсгийг нь гааль дээр төлчихдөг. Гэвч дараа нь олж байгаа тодорхой хэмжээний бага ашгаа тайлагнаагүйгээс болоод өөрсдөө дандаа эрсдэлд ордог. Яагаад гэхээр би гааль дээр бүх татвараа төлчихсөн юм чинь одоо надад төлөх юм байхгүй гэж боддог. Гэтэл нөгөө бодол нь цаана нь торгууль болоод, өөрийг нь маш муу татвар төлөгч гэдэг ангилал руу оруулдаг.

Өөрийгөө ямар эрсдэлд оруулж байна вэ гэхээр хяналт шалгалт орвол 40 хувийн торгууль, алданги төлөх ёстой болно. Харин тайлангаа үнэн зөвөөр нь өгчивөл ийм эрсдэл үүсэхгүй. Ашиг олсон бол оллоо гээд тайлагнана, олоогүй бол олоогүй гээд гардаг. Тайлангаа өгсөн иргэн бүр ашиг олсон байх албагүй.

Ямарваа нэгэн орлого мөртэй байдаг. Энэ нь татварын хөндлөнгийн мэдээллийн системд байнга бүртгэгдэж, үнэлэгдээд явж байдаг. Монголын татварын алба энэ жил татварын скоринг үнэлгээ гэж оруулсан. 

Та A, B түвшинд байхад танд ямар нэгэн хяналт шалгалт ч юм уу хийгдэхгүй байх маш өндөр магадлалтай гэсэн үг. Харин та D буюу C түвшинд байгаад байвал хэзээ нэгэн өдөр татварын албан дээр дуудагдаад хяналт шалгалтад орох боломжтой явж байна шүү гэдгийг чинь л илтгэдэг тийм үнэлгээ. Иймээс ухаалаг тайлангийн систем рүүгээ нэвтэрч ороод өөрийнхөө татварын скоринг үнэлгээг нэг шалгаад үзчихээрэй гэж зөвлөе.

Видео үзэх: 

Холбоотой сэдвүүд

боловсрол татвар эрсдэл

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.