Өнөөдөр/2019.10.03/ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд  хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болов.

Тэрбээр 2014 онд энэхүү ажлыг хашиж байх хугацаандаа албан тушаалаа хэтрүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасны дагуу гурван жил хорих ял авч байсан юм. Гэсэн ч тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдаж, ял эдлэхээс чөлөөлөгдсөн билээ.

Тухайн үед Д.Загдсүрэн нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин”  гэх сувилалд дур мэдэн өгсөн бөгөөд тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, хувийн компани руу шилжүүлсэн юм. Иймд хэргийг  Авилгатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд саатуулсан байдаг.