Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал үргэлжилж байна.

МҮОХ-ны Ерөнхйилөгчийн сонгууль явагдаж, нэр дэвшигч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Н.Түвшинбаяр нь 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд болон мэндэлжээ. 

2002 онд өсвөрийн үндэсний бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон.
Булган аймгийн 10 жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлжээ. Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2007 онд Эль-Кувейтын ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэн, мөн оны намар Бээжингийн зуны Олимпийн наадaмд таван учраагаа ялж, Монголын түүхэнд анхны алтан медалийг авчирсан билээ. Хамгийн сүүлд буюу энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ -ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм.

Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсний дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн. Мөн Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн  “Чингис хаан” одонг хүртсэн юм.