Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бүх хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Улмаар их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дээрх хугацаанд хичээллэхгүй болж байна.

Засгийн газрын дээрх шийдвэрийг танилцуулах үеэрээ Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд "Одоогоор Улсын онцгой комисс болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих тухай асуудал яригдаагүй байна. Цагаан сар хүртэл нэлээд хугацаа байна. Тэр болтол нөхцөл байдалд ойрхон ойрхон дүгнэлт, шинжилгээ хийгээд энэ асуудлыг ярьж болох юм. 

Зарим аймаг тийм шийдвэр гаргасан гэж буй ч бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй. Аймгууд Зам, тээврийн хөгжлийн сайдтай зөвшилцөж, нөхцөл байдалтай уялдуулж хөдөлгөөн хорих шийдвэрийг гаргах ёстой" хэмээлээ.