Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор  хүч нэмэгдүүлэн  ажиллах ажээ. Нийт 557 алба хаагч мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх юм

Зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна.

Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Жишээ нь: “Г” төрлийн зөвшөөрлийг 2 байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан гэх мэт.

Түүнчлэн:

  • “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэйтээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд,
  • “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана. 
  • Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн талбайд
  • Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй 7 худаг явна. 

Жолооч нар зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтанд ихээхэн хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдог гэдгийг ЗЦГ-аас анхаарууллаа.

Мөн Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой. 

Замын ачааллаас шалтгаалан 7 дугаар сарын 12-ны 07:00-09:00 цагт "Соёолон" насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Наадам эхлэх хаах үеэр зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Баяр, наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан, шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. 

Баярын өдрүүдэд FM 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ. 

Наадаж цэнгэхдээ сэрэмж бүү алд

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд ЗЦА-нд нийт зам тээврийн ослын 800 орчим дуудлага хүлээн авснаас 2 хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэний 18 нь хүүхэд байсан.  Эдгээр ослын ихэнх нь онхолдох, мөргөлдөх байсан юм. Шалтгаанаар нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсний улмаас үйлдэгдсэн тул та бүхэнд анхааруулж байна. 

Түүнчлэн тус албаны Орон нутгийн хяналтын хэлтэс, аймгууд дахь Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчид улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хөдөлгөөнт болон гэнэтийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.