Нарантуулын "Ганган малгайт"

Л.Дэлгэрмаа
02 сарын 10, 2021

Фэйсбүүкт “Гоё малгай зардаг эгч” нэрээр алдаршсан хүн бол Г.Хандаасүрэн. Тэрээр өөрийн урласан малгайгаа "Булган сор" фэйсбүүк хуудсаараа дамжуулан танилцуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн. 

Цар тахлын улмаас монголчууд Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч шинэ сардаа шинэ хувцас өмсдөг гэсэн уламжлалаар ч тэрүү малгайны захиалга цөөнгүй байгаа гэнэ. Завгүй энэ үед нь түүнтэй ярилцснаа хүргэж байна.

Хөдөлмөрч бүсгүй Г.Хандаасүрэн нөхөр, хүүхдийн хамт малгай үйлдвэрлэдэг. Халамжит хань, сайн ээж тэрээр бага наснаасаа хөдөлмөр эрхэлжээ. Түүнийг бага байхад аав нь бурхан болж, тэрээр эмээ өвөөгийн хайранд умбаж, сургаалийг нь сонсож өссөн. Тэрээр ээждээ туслахын тулд 12 настайгаасаа алим хайрцагаар нь аваад ширхэглэж зардаг сэргэлэн охин байжээ. 


20 жилийн уйгагүй хөдөлмөр 

Миний эмээ их уран хүн байсан гэх түүний ярианаас үзвэл Хандаа эгчийн энэ авьяас хаанаас эхтэй нь ойлгомжтой бизээ. Тэрээр багаасаа л дээл баривч оёдог байсан уран хүүхэд байж. Үйл мэтгэж, малгай оёж эхэлсэн нь тэртээ 20 жилийн өмнө гэнэ. Тэр үеэс өдийг хүртэл малгай урлаж амьдралаа авч яваа хөдөлмөрч нэгэн. 

"Анх ганцаараа оёдог байсан бол одоо ханьтайгаа хамт үйл урлаж байна" гэх тогтуун яриатай энэ сайхан эмэгтэй алаг хорвоог хамт туулах насны ханьтайгаа учраад 18 жил болж буй. Бас ч болоогүй ээ Цагдаагийн алба хашдаг нөхрөө өөрийн бизнест урвуулж, олон жилийн турш хамт хичээж буй гэнэ. Анх лангуу түрээсэлж суудаг байхдаа шөнө нь малгай оёж нойргүй хоноод, өдөр нь малгайгаа зардаг байсан гэх амьдралын төлөө зүтгэсэн он жилүүд тэдний  өнөөдрийг бүтээсэн нь дамжиггүй. 


Нарантуулын "ганган малгайт"

Нөхрийнхөө цалингийн зээлийн 500 мянган төгрөгөөр анхны лангуугаа 2008 онд Нарантуул зах дээр худалдаж авч байсан тэдний бизнес өргөжиж, өдгөө таван лангуутай болоод буй.Бизнес нь өргөжсөн ч гэлээ одоо хүртэл өөрсдөө загварыг нь гаргаж үүрийн 4 цаг хүртэл сэтгэлээ шингээн малгайгаа урладаг гэнэ. Олон жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж буй түүнийг зах дээр мэдэхгүй хүн байхгүй төдийгүй “Нарантуулын ганган дээлт” гэж хочилдог. Учир нь тэрээр үргэлж монгол дээлээрээ гангарч, өөрийн хийсэн малгайгаагаар чимдэг бүсгүй. 

Г.Хандаасүрэн: Бурхны зурсан төөргөөр ч юм уу хүн болгоны тэргүүн дээр залрах хүндтэй зүйлийг урлаж байгаадаа үргэлж баярлаж явдаг. Тиймээс бүх малгайгаа сэтгэлээ шингээж хийдэг.


Тэрээр хэлэхдээ "Хүмүүс цагийг нь тулгаж хэлдэг ч аль болох боломжоороо хурдан хийж өгөхийг хүсдэг. Хүний хийснийг үнэлдэг хүн ховор болжээ. Ер нь хүнтэй харьцах их хэцүү болж. Уурлаж уцаарлах, загинах, зах дээр зогсдог гээд дорд үзэх асуудал бишгүй гардаг. Тэр болгонд гомдож, ичиж явсангүй ээ. Учир нь энэ бидний ажил, бидний амьдрал, бидний ур ухаанаас урган гарч байгаа бүтээл учраас ичих зүйл байхгүй" гэв.   Түүний энэ үгүйг сонсоод хүн чаддаг зүйлээ бардамаар хийх нь яасан сайхан юм бэ гэж сэтгүүлч миний бие бахархаж суулаа. 


Жилд 1500 гаруй малгай урладаг

Тэд монголынхоо түүх, ёс заншлыг судалж, түүнээсээ санаа авч баяжуулан малгайныхаа загварыг гаргадаг төдийгүй жил бүр өөрчлөхийг хүсдэг гэнэ. Жилд дунджаар 1500-2000 гаруй малгай оёж худалдаалдаг байсан. Харин коронавирус гарснаас орлого эрс буурсан гэдгийг хэллээ. Тэгсэн хэдий ч гараа хумхиад зүгээр суухыг хүсээгүй учраас бүх боломжоо ашиглая гэж шийдээд  сошиал орчинг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг болжээ. 

"Булган сор" фэйсбүүк хуудсаараа дамжуулж үйлчилгээ үзүүлдэг болсноос хойш олон хүн надад урмын сайхаг үг хайрлаж, ийм сайхан зүйл Монголд хийдэг юм уу гэх ч хүмүүстэй таарч байна. Энэ бүхнээс л урам авч байна шүү дээ гэх түүний цайлган инээмсэглэлд итгэл найдварын цог асаж буй нь харагдсан. 

Зарим хүн гоё, сайхан малгай болжээ гээд сүү бариад ороод ирэхэд зарим нь бүр харааж ерөөх ч асуудал гардаг байна.

Нарантуулын ганган малгайт "Би монгол хүн гэдгээрээ үргэлж бахархаж явдаг. Монголчууд хийморь гэдэг утгаар малгай, бүсийг үргэлж дээдэлж ирсэн сайхан заншилтай. Угаасаа хүний тэргүүнд залардаг зүйлийг дээдлэхээс өөр аргагүй. Малгайны хийц, хээ хуар, мөн гараар урласан зүйл гэдэг бол маш үнэ цэнтэй зүйл" гэдгийг онцоллоо.

Тэд бол өөрийн бүтээсэн брендтэй, шударга хөдөлмөрийн үр шимээ хүртэж яваа гэр бүлийн төлөөлөл юм. 


Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.