Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.

Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 60 хувиар шинэчлэн тогтоохоор болсон байна.

Жилийн инфляци 2019 оны 2 дугаар сард

- Улсын хэмжээнд 6.9 хувь

-Улаанбаатарын хэмжээнд 7,9 хувь байна.

Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж инфляци зорилтот түвшинд очих хандлагатай байна гэлээ. 

Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар шинэчлэн тогтоохоор болсон нь иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар буулгах зорилготой гэв.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь дэлгэрэнгүйгээр 2 долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд орох аж. 

Энэ үеэр хэрэглээний зээлд баримталж байгаа бодлогын зорилго нь дунд урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Энэ бодлогоос болоод зээл хумигдсан зүйлгүй. Эхний 2 сарын байдлаар гэхэд хэрэглээний зээлийн өсөлтөөс харж болно. Эдийн засагт эерэг үзүүлэлтүүд ч нэлээн харагдаж байгааг Монголбанкны албаныхан мэдэгдлээ.Тухайлбал нүүрсний экспорт өсөж 39 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ оны эхний 2 сарын байдлыг өнгөрсөн жилтэй харьцуулахад 2,1 хувийн өсөлт гарчихаад байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулагч нар ч манай улсын эдийн засгийн төлөв байдлыг өөдрөгөөр харж байгааг дурьдлаа.Тун удахгүй гадны хөрөнгө оруулагчдаас 1,6 тэрбум төгрөг, монголын хувийн хэвшлүүд гадны зах зээлээс 300 гаруй сая доллар босгосон оруулж ирэхээр болсон гэв.

Мөнгөний бодлогын хорооны цаашдын шийдвэр үйл ажиллагаа нь 2019-2020 онд инфляцийг 8 хувийн орчимд тогтворжуулах үндсэн зорилтыг хангах, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, хамгаалахад чиглэх болно.