Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд өрх бүрийн нэг хүнээс коронавирусийн шинжилгээ авах ажлыг өрнүүлж байна.

Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн "Нэг өрх-нэг шинжилгээ"-нд эхний гурван өдөрт нийт 109.000 хүнийг хамруулахад 6 хүнээс коронавирус илэрчээ. Тандалтаар тэдний гэр бүлийн 5 хүнээс мөн халдвар илэрсэн байна. Энэ нь массын дундаас халдвар илэрсэн гэсэн үг юм.

Байршил нь:

  1. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо
  2. Баянгол дүүргийн 25 дугаар хороо
  3. Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо
  4. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо
  5. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо
  6. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо байна.

Энэ талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "Массын дундах шинжилгээгээр дээрх 6 байршлаас халдвар илэрсэн. Гэхдээ дүүрэг, хорооноос халдвар илэрлээ гээд айж сандрах зүйл байхгүй. Тандалтын баг, мэргэжлийн хүмүүс тусгаарлах, эмчлэх арга хэмжээ авч, голомтыг ариутгаж байна. Хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, гэрээсээ гарах нь эрсдэлтэй гэдгийг анхааруулж дээрх байршлуудыг хэлж байна" гэв.