ДАШТ-ын тоглолтод оролцоход 80 хувь бэлэн байна гэж Францын “Пари Сен-Жермен” баг болон Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн 2 дугаар сарын 25-нд “Пари Сен-Жермен” болон “Марсель” багийн хооронд болсон Францын аваргын тоглолтод шагайндаа бэртэл авсны улмаас хагалгаанд орохоор болсон юм. Бэртэл авснаасаа хойш тэрбээр анх удаа Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Хорватын багтай тоглож нэг гоол оруулсан байна.  Энэ тоглолтод Бразилийн баг Хорватын багийг 2:0 оноогоор ялжээ.

“Талбай дээр эргэн гарах болсондоо үнэхээр баяртай байна. Бага зэрэг айдастай байгаа хэдий ч бэлтгэл хийх бүрт сайжирч байна. Одоохондоо эвгүй байгаа ч удаан хугацаанд талбай дээр гараагүй учир зүгээр гэж бодож байна” гэж Неймар хэлсэн байна.

ДАШТ-ын өмнө Бразилийн баг дахин нэг нөхөрсөг тоглолт хийх юм.  Бразилын баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг