“Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн долоо хоног” энэ өдрүүдэд тохиож байна.  

Энэ өдрийг тохиолдуулж МДХОХ, бусад холбогдох ТББ тайван жагсаал, уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. 

Олон улсын дохионы хэлний өдөр, Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ТХТ-ийн "Амгалан дэлхий", МДХОХ ТББ, Peak.mn хамтран өнөөдөр сэтгүүлчдийн дунд “Хоцрох эрхгүй” өглөөний уулзалт зохион байгууллаа. 

Өнөөдөр дэлхий нийтийн нэгдэж, тэмүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” ийн үндсэн зарчим нь хэнийг ч орхиж гээлгүй, ялгаварлан гадуурхахгүй хамтдаа хөгжих явдал юм. Үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ойлгож, тэднийг нийгмээс тусгаарлаж, өөр ондоо гэж ойлгож хандахгүй байх нь чухал билээ.

Бичлэг үзэх:


Өнөөдөр манай улсад сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй 8600 гаруй иргэн бий гэсэн тойм тоо байна. Түүний яг хэдэн хувь нь хүүхдүүд болох нь ч тодорхой биш гэж холбогдох холбоо, ТББ-ын тэргүүнүүд мэдээлсэн. 

Үүнээс эхлээд сонсголгүй иргэдтэй холбоотой олон асуудлыг тодотгох, мэдэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, тэдний бэрхшээлийг бууруулах арга замыг хайх хэрэгцээ шаардлага их байна.

Тиймээс ч үүнд сэтгүүлчид түүчээлэгч нь байх ёстой гэдэг үүднээс тус уулзалтыг санаачлан зохион байгуулсан гэж ТХТ-ийн “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам, PEAK.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор нар ярьж байлаа.                     

Сонсгол бууралтын түвшингээс шалтгаалаад таг дүлий, их, бага бууралттай гэж ангилдаг байна. Мөн дохионы хэлийг монгол, орос гэхчлэн ялгаатай. Тиймээс монгол хэлтэй адил монгол дохионы хэл гэж нэрлэдэг байна. 

Сонсголгүй хүн бусдын л адил оюун ухаан, сэтгэн бодох чадвартай гэдгийг зарим хүн ойлгодоггүй


"Сонсголгүйн боловсрол" ТББ-ын тэргүүн, хэлмэрч А.Баасанжав: 

Би сонсголгүй хүмүүсийг сонсголын бэрхшээлтэй гэж тодорхойлохыг хүсдэггүй. Бэрхшээл гэдэг тухайн асуудлыг ямар нэгэн арга хэрэгслийн тусламжтайгаар давах боломжтой гэсэн ойлголт шүү дээ. Харин сонсголгүй бидэнд төрөөс үзүүлэх орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ хангалтгүй нь биднийг бэрхшээлтэй болгож байгаа гэдгийг хэлэх  ёстой.


Бичгийн хэлний чадварын хоцрогдлоос болж сонсголгүй хүүхдүүд дохионы хэлээр боловсрол бүрэн эзэмших боломж хомс байна. Нийгмийн харилцаанд дохионы хэлээр чөлөөтэй ойлголцдог ч бичгийн хэл сурч, ашиглахад тогтмол бэрхшээл тулгардаг.  Үүнээсээ болоод мэдээллийн, хөгжлийн хоцрогдолтой нүүр тулж байна.

Уг нь сонсголгүй хүн бусдын л адил оюун ухаан, сэтгэн бодох чадвартай. 

Гэвч зөвхөн сонсох чадваргүйгээсээ болж нийгмийн харилцаанд орох, төрийн үйлчилгээ авахад өдөр тутам бэрхшээлтэй тулгарч байна.

Тэргэнцэртэй хүнд налуу зам байхгүй л бол чөлөөтэй зорчиж чадахгүйтэй адил бидэнд бусадтай харилцахад хэлмэрч, орчуулагчийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Тиймээс хүүхдэд багаас нь дохионы хэл болон бичгийн хэлийг хослуулан боловсрол олгох нь маш үр дүнтэй сургалтын арга зүй юм.


Дохионы хэл бүрэн эзэмшүүлэхэд урт хугацаа шаардагддаг 


Дохионы хэлний орчуулагчийн холбооны менежер Э.Эрдэнэчимэг:

Сонсголгүй иргэд цагдаа, хууль хяналтын байгууллагаар үйлчлүүлэх үед сонсголын бэрхшээлээсээ болоод өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй. Үүнээсээ болоод эрх нь зөрчигддөг. Нөгөө талаас цагдаагийн байгууллага хэлмэрчийн үйлчилгээ авах талаар хангалттай мэдээлэл алга. 

Холбооны зүгээс энэ асуудал дээр тусалж дэмжиж ирсэн ч мэргэшсэн хэлмэрч үнэхээр дутагддаг. Одоогоор манай холбооны гишүүн 20-иод дохионы хэлмэрч бий. Тэднээс хамгийн туршлагатай 3-4 хэлмэрч л энэ төрлийн асуудал дээр ажиллаж байна. 

Хүмүүс дохиж зангахаар л ойлгочих юм шиг эндүүрдэг. Тухайлбал музейн тайлбарлагчаа дохионы хэлтэй болгох санал ирдэг. Дохиж тайлбарладаг байлаа гээд шууд л очоод музей тайлбарлах боломжгүй шүү дээ. 

Учир нь дохионы хэл өөрөө гадаад хэл шиг бие даасан хэл

Иймээс сургалт явуулж, дохионы хэл бүрэн эзэмшүүлэхэд урт хугацаа шаардагддаг юм. Харамсалтай нь манай улсад дохионы хэлмэрч бэлтгэдэг боловсролын систем байдаггүй. Зөвхөн МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн оюутнуудад дохионы хичээл орж эхэлж байна. 

2016 оноос өмнө Монгол Улсад ямар ч байгууллага албан ёсоор энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагүй. Танил тал, хамаатан садангийн хүрээнд л хэлмэрчлүүлж ирсэн. Уг нь хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь хэлмэрчийн үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй авна” гэж заасан байдаг ч хэрэгждэггүй.

Зөвхөн сонсголгүй хүмүүс гэлтгүй энгийн хүмүүст ч дохионы хэлний хэрэгцээ шаардлага гардаг. Жишээ нь хүүхэд нь сонсголгүй бол ойлголцохын тулд дохионы хэл сурахаас өөр аргагүй. Хэлээр нь ярьж чадахгүй бол хүүхэд гэр бүлийн халуун дулаан хайрыг мэдэрч, хайртай хүмүүстэйгээ ойлголцоход бэрх шүү дээ.


Хүүхдээ сонсголгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар алддаг

“Тэгш тусгал” ТББ дохионы хэлний судлаач Б.Бямбасүрэн:

Дохионы хэлээр бүрэн боловсрол эзэмших боломж Монголд алга. Хэдийгээр дохионы хэлээр өөр хоорондоо чөлөөтэй харилцдаг ч бичгийн хэлээр бусадтай харилцахад асуудал тулгардаг. Би гэхэд зургаан настайгаасаа боловсрол эзэмшиж эхэлсэн. 

Ихэнх хичээлийг нь ойлгодоггүй байсан. Тухайн үед үеийнхээ хүүхдүүд л ижил боловсрол эзэмшиж байгаа гэж бодсон ч бодит байдал дээр чанартай боловсрол эзэмшээгүй. Сурагчдын үздэг хичээлүүдийг бүрэн үзсэн гэсэн дүнтэй төгсдөг боловч математик, хими, физикийн хичээлийг би сурч байгаагүй. 

Гэтэл сонсголгүй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй л ижил сэдвээр шалгалт өгдөг. Элсэлтийн шалгалт дээр ирсэн сэдвийг нь ойлгоогүй, бараг сохроор “буудаад” гараад гарч байлаа. Тусгай хэрэгцээт боловсрол эзэмшиж буй хүүхдүүд энгийн хүүхдүүдээс боловсролоор асар хол зөрөөтэй байна.

Тиймээс сонсголгүй хүүхдэд 0-3 насанд нь л эх хэл буюу дохионы хэлээр харилцаж, боловсрол олгох хэрэгтэй байна. Багаас нь дохионы хэлээр харилцаагүйгээс үүдэж хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, эцэг эх нь хүүхдээ ойлгохгүй болохоороо сэтгэл гутралд орж, ганцаардал, айдас түгшүүрт автдаг.

Эцэг эхчүүд голдуу хүүхдээ сонсголгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар хүүхдийн дохионы хэлээр харилцах, цаашлаад боловсролыг оройтуулдаг. Эмч дунгийн суулгац хийлгэхийг зөвлөсөн бол шууд л сонсгол орно гэж хэт найддаг. Гэтэл дунгийн суулгац хүүхэд болгонд харилцан адилгүй нөлөөлнө. Иймээс дохионы хэлийг орхигдуулж болохгүй. 

Сонсголгүй иргэд хэлмэрчгүйгээс болж гадуурхагддаг тохиолдол олон. 

Жишээ нь би халамжийн үйлчилгээ авахаар төрийн байгууллагад очиход ажилтан нь намайг ойлгоогүй учир бичгээр харилцах гэтэл дараалал үүсчихсэн. Гэтэл ард дугаарлаж зогссон хүмүүс бухимдаж шууд миний урдуур дайрч үйлчлүүлж эхэлсэн. 

Төрийн байгууллагаас үйлчилгээ авахад заавал өмнөх өдөр нь утсаар цаг захиалах журамтай. Гэтэл сонсголгүй иргэд урьдчилж цаг захиалах боломжгүй шүү дээ.

Одоогийн байдлаар хамгийн боломжит шийдэл нь дохионы хэлний орчуулагчийн холбооноос үнэ төлбөргүй үзүүлж байгаа видео дуудлагын үйлчилгээ юм. Сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмжтэй байдалд чиглэсэн энэ төрлийн үйлчилгээг төрөөс дэмжээсэй гэж хүсэж байна. 


Сонсголгүй нярайн 90 хувь нь эрүүл эхээс төрдөг


ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тэргүүлэх зэргийн эмч Д. Ариунтуяа:   

Нярайг төрсний дараа 72 цагийн дотор сонсголыг нь шалгадаг. Сонсгол нь тэнцээгүй бол нэг сартайд дахиад үзүүлэх ёстой. Мөн гурван сартайд нь дахин үзлэг хийдэг. Мөн 4-5 сартайд нь сонсголын бодит шинжилгээг хийдэг. Хэрэв тэнцээгүй тохиолдолд нарийвчилсан шинжилгээ хийж 6 сар хүрэхээс нь өмнө дунгийн суулгацын хагалгаанд оруулдаг. 


Сонсголгүй нярайн 90 хувь нь эрүүл эхээс төрдөг. Манайханд “Эрэгтэй хүүхэд оройтож хэлд ордог” гэсэн буруу ташаа ойлголт бий. Хөдөө орон нутгийн зарим иргэд “Тэгж байгаад сонсгол орно биз” гээд хойрго хандаж байна. 

Уг нь аль болох эрт эмчилгээнд орох тусмаа үр дүнтэй. Дунгийн суулгацыг 6 сартайд хийлгэсэн бол 1.2 настай хэлд орох боломжтой.Гэвч манай улс мөнгө зарж нэг ч аппарат техник авч өгөөгүй.

Эмнэлэгтээ “Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо”-ны санхүүжилтээр Ротари клубын оролцоотой өгсөн аппаратуудыг ашиглаж байна. Түрүүчээсээ гурван жил ашигласан аппаратууд маань эвдрээд эхэлчихлээ. Аргагүй шүү дээ. Жилд ганцхан аппаратаар 20 гаруй мянган нярайг оношилж байна.


СОНСГОЛГҮЙ МОНГОЛ ИРГЭД МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛЭЭ ХЭРЭГЛЭДЭГ

“Дохионы хэлний үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн М.Ганбаатар:

Гадаад болон олон улсад хэрэглэгддэг дохионы хэлийг бид ашигладаггүй. Өөрийн гэсэн Монгол өв соёл, хэв маяг шингэсэн Монгол дохионы хэлийг ашигладаг. 

Зүгээр дохионы хэл гэж ярьж бичвэл ерөнхий болчихдог. Улс орнуудын дохионы хэл мэндчилгээнээсээ эхлээд өөр өө. Та бүхэн анзаарвал Орос, Солонгос, Японоор Сайн байна уу гэхэд өөр өөрөөр мэндчилдэг.

Монгол дохионы хэл бол бидний эх хэл. Өнөөдөр сонсголын бэрхшээлтэй монгол иргэдийн харилцаанд ашиглагдаж байгаа эх хэл юм.

Финланд улсаас дохионы хэлний мэргэшсэн мэргэжилтэн, доктор, профессорын чиглэлтэй Монгол дохионы хэлний судалгаа эхлээд байгаа. 

Яагаад гэхээр Монгол улсад дохионы хэлийг судлах мэргэжилтэн байдаггүй. Тийм учраас Монгол улсаас төлөөлөөд 4 судлаач, мөн Финланд улсаас дохионы хэлний хэл шинжээч, судлаачдын хамт судалгаа эхэлсэн.