Альгирмаагийн Энэрэл
03 сарын 21, 2022
Сүүлийн жилүүдэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын цахим дуудлага худалдааг явуулж байгаа. Энэ жилийн эхний цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 23-ны өдөр явагдах юм байна. Энэ талаар НГЗБА-ны Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн О.Батчимэгээс тодрууллаа.
- Энэ 2022 онд хэдэн байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны А/28 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 94 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний хагас жилдээ багтаж 5 удаагийн дуудлага худалдаа явуулна. Энэ оны эхний 19 байршлын нийт 17,5 га газрын дуудлага худалдааг гуравдугаар сарын 23-ны 09:00цагт Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсаар явагдана.
-Газрын биржийн цахим систем нэвтрүүлсний давуу тал нь юу вэ?
-Олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хурдан шуурхай, заавал биечлэн очих шаардлагагүй, хаанаас ч оролцох боломжтой зэрэг давуу талтай.
Иргэн газар авахыг зорьсон, шаардлага хангасан л бол хүссэн газраа авах боломж нээлттэй. Иргэн, хуулийн этгээд цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ цахимаар илгээх бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дэнчингийн мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус илгээнэ. Мөн иргэд өмчилсөн газраа www.mle.mn цахим хуудсаар дамжуулан борлуулах боломжтой.
Энэ хуудсанд бичиг баримтын зөрчилгүй газрын бүх зарыг хүлээн авах тул илүү баталгаатай гэсэн үг.
Газраа борлуулж буй иргэн өөрийн газрын байршлаа дээр дурдсан 16 бүсийн аль хэсэгт байгааг харж, дуудлага худалдааны анхны үнэтэй харьцуулах, зах зээлийн үнэлгээгээ тогтоох боломжтой.
-Газрын анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?
-Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг тогтоосны дагуу Барилга хот байгууллалтын сайдын 2018 оны 208 тушаалаар батлагдсан аргачлалыг баримтлан газрын суурь үнийг нийслэлийн нутаг дэвсгэрийг 16-н бүсэд хувааж, газрын хэмжээ, зориулалтаас хамаарч харилцан адилгүй итгэлцүүрээр тооцож, дуудлага худалдааны анхны үнийг тогтоодог.
Барилга хот байгууллалтын сайдын тушаалаар итгэлцүүрийг тогтоохдоо тухайн газрын төвөөс алслагдсан байдал, дэд бүтэц, зам харилцаа, нийгмийн үйлчилгээ, хүн амын төвлөрөл гэх мэт хүчин зүйлийг тооцон тогтоосон байдаг.
-Энэ гуравдугаар сарын 23-нд зохион байгуулагдах цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл өгч, тодруулна уу?
-Дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ.
Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авна. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтална.
Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагч болно. Зарим оролцогч би 15.00 цагт үнийн саналаа илгээсэн байхад яагаад ялагч болсонгүй вэ гэсэн асуудал тавьдаг. Гэтэл хүлээлтийн нэг минутад өөр оролцогч санал ирүүлж, газрыг авсан тохиолдол бий. Тэгэхээр иргэд дээрх зарчмыг сайтар ойлгох хэрэгтэй.
-Үнийн саналаа өгсний дараа өөр хүн илүү үнэ ирүүлснийг яаж мэдэх вэ?
-www.mle.mn цахим хуудсанд тухайн байршилд ирсэн үнийн саналууд тухай бүрт нь гарна. Гэхдээ оролцогчийн нэр биш сайтад бүртгүүлсэн дугаар нь үнийн саналын хамт харагдана.
-Оролцогчид өөр юунд анхаарах шаардлагатай вэ?
-Иргэн, аж ахуйн нэгж www.mle.mn цахим хуудсанд хандаж иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж болох 12 мянга 500 төгрөг, дэнчингийн мөнгөө тушаасан баримтаа хуулбарлаж оруулна.
Цагийг нь тулгаж хүсэлт илгээсэн тохиолдолд Төрийн санд дэнчингийн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай мэдээлэл нь орохгүй удах тохиолдол бий.
Ингэснээр тухайн хүний мэдээллийг баталгаажуулахад хүндрэл үүснэ. Тиймээс хэрвээ та дуудлага худалдаанд оролцох гэж байгаа бол 23-ны 09:00 цагийг хүлээхгүйгээр хүсэлтээ илгээх хэрэгтэй.
Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн долоо хоногийн дотор манай байгууллагад ирж, гэрээ байгуулах, ялагч болсноосоо хойш 14 хоногийн дотор газрынхаа үнийг бүрэн төлөх ёстой.
Төлөхгүй бол гэрээ хүчингүй болохоос гадна дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.
- Дуудлага худалдаанд оруулж буй 19 байршил газрын зориулалтын тухайд?
-Энэ удаад хөдөө аж ахуй үйлдвэрлэл, фермер, худалдаа үйлчилгээн, амины орон сууцны хотхон, үйлдвэрлэлийн барилга, байгууламж, аж ахуйн, мод үржүүлэш, үүрэн холбооны станц гэсэн 8 төрлийн зориулалтаар дуудлага худалдаанд оруулж байна.
Эдгээр газрууд нь нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, архитектур төлөвлөлтийн даалгавар байршил тус бүрд батлагдсан, Улаанбаатар хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлоготой уялдуулсан давуу талтай байна.
- Өнгөрсөн жилийн цахим дуудлага худалдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 78 байршилд 10 удаагийн цахим дуудлага худалдааг зохион байгуулж 55 ялагч тодорч нийслэлийн төсөвт 1,438,766,901 төгрөг төвлөрүүлсэн.
- Дараагийн цахим дуудлага худалдаа хэзээ болох вэ?
Ирэх дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагт болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.