Украинд хядлага үйлдсэнийх нь төлөө ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хаслаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей орон нутгийн цагаар 7-ны өдөр яаралтай ээлжит бус чуулган хуралдуулж, 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн эсэргүүцэж, 58 гишүүн түдгэлзсэнээр ОХУ-ын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний статусыг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталжээ.

Санал хураалтад оролцоогүй болон санал хураалтад түдгэлзсэн орнуудыг эс тооцвол НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёроос илүү нь уг тогтоолыг дэмжиж, Оросыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс хасав.

Ингэснээр ОХУ нь 2011 онд засгийн газрын эсрэг жагсагчдыг хүчирхийлэн дарсан Ливи улсын дараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хөөгдсөн хоёр дахь орон болж байна. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний эрхийг НҮБ-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн анхны тохиолдол мөн болжээ.

Барууны орнууд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд Оросын арми Украины нутаг дэвсгэрт энгийн номхон иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр АНУ-ын гаргасан тогтоолыг дэмжсэн бол Хойд Солонгос, Хятад, Иран зэрэг орнууд эсрэг санал өгсөн юм.

Тодруулбал, НҮБ-д суугаа БНАСАУ-ын элчин сайд Ким Сон санал хураалтын өмнө үг хэлэхийг хүссэн бөгөөд тогтоолыг хэрэгсэхгүй болгохыг уриалж, "Бидний зүгээс бодитхийгээд шударга бус, ил тод байдал дутмаг улс төрийн шинж чанартай үйлдлийг үргэлж эсэргүүцэх болно” гэжээ. Элчин сайд Ким "Бучагийн хядлага"-ын талаар "бие даасан мөрдөн байцаалт явуулах ёстой" бөгөөд "уг тогтоол шиг улс төрийн болон нэг талыг хэт барьсан арга хэмжээ нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй" гэж мэдэгдэв.

Холбоотой сэдвүүд

нүб орос украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.