"Миний саналаар л дутав л гэж" гэх хандлагаар сонгуульд оролцохгүй, саналаа өгдөггүй хүмүүс цөөнгүй. Тэдний урдаа барьдаг зарим буруу тайлбар, хэвшмэл ойлголтыг хүргэж байна.


Эсгий хийх газар нохой хэрэггүй 

Энэ хэлц үг их ажлын хажуугаар саад болох хэрэггүй гэсэн утга санааг илэрхийлэхдээ ашигладаг.

Хэлц үгийн үүсэл: 

Эртнээс монголчууд айл саахалтаараа нийлэн цуглаж эсгийгээ хамжин хийдэг уламжлалтай. Айлуудын ноход мэдээж эздээ бараадан эсгий хийх газар ирж, эсгий татаж яваа хүмүүсийн урдуур хойгуур явж замд садаа болно, өөр хоорондоо уралцаж ноцолдоно. 

Үүнээс улбаалан "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэсэн хэлц үг үүсчээ.

 

Гол утга санаа нь юу вэ?

"Хүн чадах юмаа хийж, мэдэх юмаа ярих хэрэгтэй, өөрт хамааралгүй зүйлсэд хошуу дүрж явах хэрэггүй" гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хүн байх ёсгүй газраа байгаа тохиолдолд ажил хохироож төвөг учруулдаг гэдгийг энэ үгээр сургасан байна.


Харин энэ үгийг ардчилсан улсад сонгуульд саналаа өгөх, эс өгөх тухай ярьж байгаа тохиолдолд хэрэглэх нь тохиромжгүй. Утга нь тохирохгүй. Яагаад гэвэл сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс  нэгнийгээ (эсвэл өөрийгөө) “Эсгий хийх газар нохой хэрэггүй, би тэнд очиж юу хийх вэ?” гэж бодож, хэлж болохгүй! 

 Таны санал нь улстөрчдөд өгч байгаа дэмжлэг төдий зүйл биш харин үр хойчдоо үүрүүлж байгаа ял эсвэл шагнал байж мэдэх юм. Тэгэхээр таны оролцоо хамгийн үнэтэй.


Төрийн төлөө оготно боож үхнэ

Төр засгийн шийдвэр, улс төрийн үйл явдлын талаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэхэд "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэж төвөгшөөх нь бий. Гэвч энэ үгийн утга нь зөвхөн төр засагтай холбоотой үг биш юм. 


Хэлц үгийн үүсэл: 

Манж нар Монголын энгийн иргэдийн дуу хоолойг дарах үүднээс "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэсэн ёжтой хэлц үг гаргаж байсан гэлцдэг. 

Гол утга санаа нь юу вэ?

Цаг хугацааны явцад энэхүү үгний утга хувирч “Өөрт огт хамаагүй зүйлд санаа зовох” гэсэн санааг илэрхийлэх болжээ. 

Харин өнөө цагт энэ үгийг хэрэглэх нь шаардлагагүй болсон. Тэр дундаа сонгох, сонгогдох эрхээ эдлэхдээ уг үгийг хэрэглэх нь зохимжгүй. Залуусын оролцоо, таны ганцхан санал төлөөллөө сонгоход үнэ цэнтэй шүү.

Хэн нэг даргын гаргасан шийдвэр, эрх мэдэлтний үгээр явдаг үе ард үлдсэн. Хуучны цагууд шиг тийм ноомой, хүлцэнгүй, аливаа асуудалд ач холбогдол өгдөггүй байхаа больсон. Өнөө үед хэн бүхэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ бол таны нийгэмдээ оруулж буй хувь нэмэр, үүрэг.

Сонгох, үзэл бодлоо илэрхийлэх эрх бүрэн олгогдсон байхад, "Эсгий хийх газар нохой хэрэггүй", "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэж сонгуульд оролцохгүй үлдэх нь ичмээр...