Олон жижиг нүхнээс айх айдсыг трипофоби гэж нэрлэдэг.  Трипо гэдэг нь Грекийн нүх гэсэн үгнээс гаралтай. Одоогоор шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч зарим шинжээчид сэтгэл түгшүүрийн эмгэг хэмээн үзэж байна. Түүнчлэн  хүмүүсийн дунд энэ төрлийн айдас түгшүүрт автах нь түгээмэл байгаа гэж цахим сүлжээнд ихэд яригдаад буй. 

Нүхнээс айх эмгэг чухам юунаас үүсдгийг эрдэмтэд судалсаар байна. Тухайлбал, 2015 онд Английн Эссексийн их сургуулийн тархины шинжлэх ухааны төвийн сэтгэл судлаач Арнольд Вилкинс, Жеофф Коул нар трипофобид хэн, яагаад өртөмтгий болох талаар таамаглал дэвшүүлсэн байна. 

Тэд судалгааны явцад трипофобиг сүүлийн үед гарсан эмгэг бус бүр эртний хүмүүсийн үед ч байсан гэж үзжээ. Хүн анх байгальд амьдарч байхдаа  амьтдаас жийрхэж, айсан нь өнөөг хүртэл генийн санд хадгалагдсан гэв. Матар,могойны хайрс, хортон шавьжны үүр зэргийн ихэнх нь олон давтагдсан овойлт, дугуй тэмдэгтэй, жижиг нүхжилттэй байдаг. Амьтдаас айж, өөрийгөө хамгаалах механизм ажилладаг байсан нь одоог хүртэл хүний тархинд автоматаар айдсын мэдээлэл үүсгэдэг гэж тайлбарлажээ. 


Харин Кентийн их сургуулийн судлаач Том Купфер дээрх саналыг илүү нарийсган шимэгч амьтан, өвчлөлөөс зайлхийх гэсэн хүний хүсэлтэй холбожээ. Түүний хэлснээр жижиг нүхнүүд нь салхин цэцэг, улаан бурхан зэрэг арьсны тууралтуудыг эсвэл хачиг, хамуу, өт мэтийг санагдуулдгаас бие жийрхэн тааламжгүй болдог байна. 


Аливаа айдас хүний дурсамжид тодоор хадгалагдаж, насан туршид үлдэх шинжтэй байдаг. Үүний адил нэг удаагийн л тааламжгүй зураг, дүрслэл зэргээс үүдэлтэй трипофобиа эдгэх боломжгүй гэнэ. Өөрөөр бол урьд нь харсан эвгүй зүйлтэй төстэй зураг мэтийг харах бүрдээ өмнөх мэдрэмжийг дахин авч, айдас нь улам бүр нэмэгддэг гэж ойлгож болох нь. 


Трипофобийн шинж тэмдэг нь өнгөцхөн дургүйцлээс эхлээд жигшмээр мэдрэмж, айдас түгшүүр, бүр хүнд хэлбэрийн хариу үйлдлүүд (бөөлжих,толгой эргэх, ухаан алдах) хүртэл янз бүрээр илэрдэг байна.  

Зарим хүн фотошопоор засварласан хиймэл зургийг (гар дээрх олон нүд,нүх гэх мэт) харах төдийд л бие нь зарайж, загатнах зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Тэр байтугай дугуй хээтэй цамц, ханын цааснаас айдаг хүмүүс ч бий. Илүү хүнд хэлбэрийн трипофобитой бол эсгэгчээр хөөлгөсөн гурил, бяслагны нүхнээс ч жигшиж, айдаг ажээ.

Тэгэхээр хуурамч зурагнаас айж байвал энэ нь асуудал биш. Харин ч хэвийн байгаагийн шинж. Ахуйн шинжтэй эд зүйлс, байгалийн юмс үзэгдэл (зөгийний үүр гэх мэт), хоол хүнс харж чадахгүй байвал нүхнээс айх эмгэгтэй болж таарах нь. 


Нүхнээс айх хүнд эмгэгтэй бол тайвшруулах эм бэлдмэлүүд уухыг эмч нар зөвлөдөг. Харахаас зэвүүцэм тэрхүү нүхнүүдийг хүн өөрөө ч мэдэлгүй өөрийнхээ бие дээрээ байна гэж төсөөлдөг аж. Хамаг бие загатнаж, жихүүцэж, дотор муухайрч байгаа энэ үед юун түрүүнд тайвшрах, өөр зүйлд анхаарлаа хандуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Одоогоор энэхүү айдсыг бүрэн эмчилж, эдгээх талаар аргыг эрдэмтэд олоогүй байна.


Харин трипофобиотой хүмүүс нэгдэн бие биедээ туршлагаа хуваалцаж эхэлжээ.  Гадаадын нэгэн фэйсфүүк бүлгэмийн гишүүд сөрөг хариу үйлдлээ багасгах, сэтгэл хөдлөлөө тогтворжуулах аргаа нэгтгэн дараах зөвлөгөөг санал болгож байна. 


Бичлэг үзэх:


Трипофобиатай холбоотой факт:

  •  Судалгааны түүврээр судлаачид насанд хүрэгчдийн 15 хувь трипофобиатай байх боломжтой гэж үзсэн.
  • Нүхнээс айх эмгэг нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолдох нь өндөр. Тодруулбал насанд хүрсэн эмэгтэй хүмүүсийн 18 хувь, эрэгтэйчүүдийн 11 хувь нь байх магадлалтай гэжээ.

  • Зарим хүн трипофоби бол арьсны ноцтой өвчин гэж ойлгодог. Өөрөөр бол фотошопоор эвлүүлсэн зургуудыг хүнд тохиолдож болох ноцтой эмгэг гэж боддог ч энэ нь худал.