Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 07, 2021
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм.
С.Ганбаатар: Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хуулийг дэмжиж байна. Нийслэлийн стандарт, дэг журмыг сахиулахад хүнд байдаг. Явган зам, ногоон байгууламж байхгүй, хүчирхийллийн хот болоод байна. Үе үеийн эрх мэдэлтнүүд нийслэлд нөлөөлж, нийслэл стандартгүй болсон. Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой.
Сөүл, Сингапур гэх мэт хотод Засгийн газарт нь нийслэлийн асуудлыг хариуцсан сайд байдаг. Энэ хууль нийслэлийн удирдлага, хамт олныг эрх мэдэлжүүлж байгаа боловч цаагуураа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг, жирийн иргэдийг эрх мэдэлтэй, шийдвэрт оролцдог болгож байгаа." гэж хэллээ.
Ж.Мөнхбат: Хот стандарт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөрөө энэ хууль онцлог
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн гол үндсэн үзэл санаа, концепц нь үүн дээр тулгуурлаж байгаа. Хотын стандарт бий болох ёстой.
Хотын удирдлагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиг үүргийнхээ хүрээнд стандарт батлан хэрэгжүүлж болно. Үүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг тус хуулийг дагасан хуулиар оруулж байгаа. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч, Дагуул хотын Захирагч гэх мэт зүйлүүдийг хуульд дэлгэрэнгүй тусгасан. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэл хот стандарт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөрөө энэ хууль онцлог.
Ш.Адьшаа: Улаанбаатар хот төлөвлөлт, хөгжлийн хувьд гацаанд орсон
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай. Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь амьдардаг.
Гэтэл төлөвлөлт, хөгжлийн хувьд гацаанд орсон. Иймээс үүнийг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой болгож, хотын удирдлагуудын төрийн болон нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн баримт бичгийг яаралтай батлах шаардлагатай."
гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэллээ.
Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан
УИХ-ын гишүүн Д.Саранчимэг “Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувийг бүрдүүлдэг энэ хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс энэ хуулийг батлах ёстой” хэмээгээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ногоон байгууламж, тоглоомын талбай, агаар, хөрсний бохирдол, иргэдийг мэдээллээр хангах талаар хуульд хэрхэн тусгасан бэ гэдгийг асуулаа.
Үүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Хотын төвд хүн амын нягтаршлын хязгаар давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэсэн зохицуулалт орж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өмнө нь байгаагүй, энэ цаг үед хэрэгтэй маш чухал зохицуулалтыг тусгасан. Хуулиар зохицуулаагүй зүйлийг нийслэлийн хотын дүрмээр зохицуулж болно. Дүрмийг НИТХ батална” гэв.
Д.Тогтохсүрэн: Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
“Нийслэлд тулгамдсан, шийдвэрлэх олон асуудал бий. Үүнийг энэ хуулиар шийдэх ёстой. Улаанбаатар хотод тулгамдсан хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Энэ хуулиар газар чөлөөлтийн асуудлыг шийдэж чадаж байгаа юу. Мөн инженерийн шугам, сүлжээний асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дүүргүүдэд ямар чиг үүрэг, эрх мэдэл байгаа вэ. Нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй.
Нийслэлд амьдарч байгаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоотой хөгжинө. Иймээс хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тодорхой тусгах ёстой” гэв.
Д.Сумъяабазар: Энэ хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
"Энэ хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна. Нийслэл эрх зүйн чадамж муу, асуудлаа шийдэж чаддаггүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд урсгалаараа явж ирсэн. Төлөвлөлттэй холбоотой асуудлыг шинэчлэх ёстой. Газар чөлөөлөлт нь хотын тулгамдаж байгаа асуудлын нэг.
Үүнийг цэгцэлж, нээлттэй, ил тод байх ёстой. Хэн нэгний гарын үсгээр иргэний газрыг цуцалдаг байж болохгүй. Хот нэг стандарттай байх ёстой. Үнэт цаас гаргаж, концесс хэрэгжүүлнэ. Нийслэл, улсын төсөвт газар чөлөөлөлттэй холбоотой зардлыг тусгана. Хот хөгжиж байж 21 аймаг хөгжинө."
нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль улаанбаатархот хот2021
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.