Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 23, 2021
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн дэмжлээ. Энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
"Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь түүхэн өөрчлөлт гэж хэлж болно. Улаанбаатар хотын 1.5 сая гаруй иргэний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон ахиц авчирна гэж үзэж байгаа. Тодруулбал, Нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, хууль эрх зүйн болон засаглалын шинэчлэл хийхэд томоохон түлхэц болно. Нийслэл хотыг олон төвт болгох, дагуул хотын бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон зүйлийн үндэс нь уг хууль юм. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хийх, засаглалын зөв реформыг хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд нэг төвт хотоос олон төвт хот болгох хуулийн зохицуулалтыг хийсэн." гэлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болгосон аж. Хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хот хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэл хотын тусгай, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна.
Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл хөрөнгөдөө үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого,гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох хуульд нийцүүлжээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгажээ. Энэ хуулийн төслөөр Улаанбаатар хотын Захирагч нь Ерөнхий менежерийг томилох, зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгож байгаа юм.
улаанбаатархот хот2021 нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.