УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэнгээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ковид-19 болон дельта халдварын тархалтын цаг үеийн нөхцөл байдал, цаашдын тооцооллын талаар тодрууллаа. 


-Сүүлийн өдрүүдэд нийт бүртгэгдсэн тохиолдлын 10 орчим хувь нь дельта хувилбар байна гэж мэдээлсэн.  Цаашид хэр өсөх магадлалтай байна вэ? 

-Эрдэмтдийн зөвлөл коронавирусын анхдагч болон альфа вирус дээр үндэслэсэн тооцоолол хийсэн. Бид 6 дугаар сарын 15-аас хойш өдөрт илрэх халдварын тохиолдол буурна гэсэн тооцоолол гаргасан юм. Бидний тооцоололтой тун ойрхон гарч байгааг халдварын тохиолдол харууллаа.

Тооцооллоор энэ сард ч жигд хурдаар буурах байсан ч дельта хувилбарын нөлөөгөөр халдварын тархалт  буурах хурд нь саарсан тал бий.

Дельта хувилбар нь бусад хувилбараа бодвол халдвар тархах магадлал харьцангуй өндөр гэдгийг олон улсын эрдэмтэд онцолж байна. Ирэх сараас өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэх магадлал нэлээд өндөр.  Өнгөрсөн 6 дугаар сард дэгдсэн шиг дахин нэг давлагаа үүсэхийг ч үгүйсгэхгүй. 


-Тархалт нэмэгдэж болзошгүй үед хичээл сургуулийг танхимаар оруулах нь хэр эрсдэлтэй вэ? 


-БШУЯ-ын зүгээс боловсрол нэн тэргүүнд байх ёстой гэсэн бодлого баримталсаны дагуу бүх шатны хичээлийг эхлүүлж болох олон төрлийн аргыг бодолцож үзсэн. Олон улсын жишгээс харахад коронавирусын анхны болон альфа хувилбар хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар тархалтыг хязгаарлах боломжтой гэж үзсэн. 

 

-Хүүхэд хоорондын суух зайг ч бас тооцоолох нь ээ?


-Юун түрүүнд сургуулийн орчинд хүн хоорондын зайг нэг метр байлгахын тулд нэг ширээнд нэг хүүхэд л суухаас өөр арга алга. Ингэхээр нэг ангийн сурагчдыг хоёр хувааж, хичээлийн танхимыг ээлжилж ашиглана гэсэн үг.


Бичлэг үзэх: 



-Танхимаар болон цахимаар хослуулан хичээллэх санал гарсан. Энэ ер нь хэр үр дүнтэй арга вэ. Халдвараас сэргийлэх боломжтой юу?


-Ковид-19 өвчний тархалт, илрэх хугацааг судалж байж гаргасан тооцоолол л доо. 5/9 зарчим нь шинжлэх ухааны үндэслэлтэй, халдварын тархалтыг бууруулах арга гэж би судлаачийн хувьд хэлнэ.

Яагаад гэвэл коронавирусын анхдагч болон альфа хувилбарын нууц үе нь таван өдөр үргэлжилдэг. Энэ хугацаанд вирус тухайн хүний биед орсон ч бусдад халдаахгүй гэсэн үг. 

Халдвар авсан хүүхэд нууц үеийн 5 өдөртөө буюу танхимаар хичээллэхдээ анги, сургуулийн орчинд халдвар тараахгүй гэсэн үг. Дараагийн долоо хоногт буюу амралтын өдөртэй нийлээд нийт ес хоног гэртээ байна. 

Энэ хугацаанд шинж тэмдэг илэрснээр арга хэмжээ авчихна. Ердөө ийм л тооцоолол. 5/9 зарчмын давуу тал нь халдвар голомтлон тархах эрсдэлийг 80 хувь хүртэл бууруулж чадна. 


-Ирэх сард дельта хувилбарын тархалт нэмэгдвэл хичээлийн хуваарьт өөрчлөлт орох уу? 


-Дельта хувилбарын тархалт давамгайлан тархвал 5/9 зарчмыг 4/10 болгож магадгүй. Учир нь энэ хувилбарын нууц үе нь бусад хувилбараасаа нэг хоногоор богино. Иймээс байдал хүндэрвэл  танхимын хичээлийн хугацааг багасгах тухай зөвлөгөөг БШУЯ-д хүргүүлсэн. 


-Дельта хувилбар бага насныхан илүү өртөж байна гэж гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? 


-Манай улсын хэмжээнд ковидын халдвараас шалтгаалсан нас баралт 0.5 хувьтай  гарсан. Өөрөөр хэлбэл халдвар авсан 200 хүн тутмын нэг нь нас барж байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал 4 дахин бага үзүүлэлт юм. 

Дельта хувилбар нь вакцины нөлөөг 10 гаруй хувиар бууруулдаг талаар олон улсын эрдэмтдийн тооцоолол гарч эхэллээ.


Сайн мэдээ гэвэл Хятад улсын үйлдвэрлэсэн вакциныг дельта хувилбарын эсрэг хамгийн үр дүнтэй үйлчилж байгаа талаар саяхан Шриланкийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дурдсан байсан. Эндээс үзвэл манай улс дельта хувилбарын давлагаанд харьцангуй хөнгөн өртөх магадлалтай. Иймэрхүү эерэг хүлээлттэй байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Хажуугаар нь хамгийн муу хувилбараар бодож таамаглал дэвшүүлэх шаардлагатай. 

Сонирхуулахад тооцоолол өндөр хувьсагчтай учраас нарийн тооцоолол гаргахад хүндрэлтэй. Ер нь урт хугацаанд гаргах тусмаа тооцоолол зөрөх нь бий. 

 

-Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүсийн хэдэн хувь нь дельта хувилбараар өвчлөх магадлалтай вэ? 

-Хэрвээ дельта хувилбар вакцины үр нөлөөг 15-аас бага хувиар бууруулбал өдөрт илрэх тохиолдлын тоо буурах төлөвтэй. Одоогоор бидний хэлж чадах мэдээлэл гэвэл энэ.

Коронавирусын халдвар авч өвчлөөд эдгэсэн хүмүүсээс дельта хувилбараар өвчлөх магадлал нь нарийн тогтоогдоогүй байна. Иймд эдгээр хүмүүсийг ч мөн халдварт өртөх эрсдэлтэй гэж үзвэл нийт 400 мянга гаруй хүн халдварын тархалтад өртөх магадлалтай бий гэж үзэж байна.