УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Тэрбээр “479 хүн нас барсан гэдэг харамсалтай мэдээгээр чуулганы хуралдаан эхэлж байна. Тэдгээр хүмүүсийн ар гэрт хувиасаа болон АН-ын бүлэг, Их хурлын гишүүдийн нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр маш олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдлаа. Мөн олон жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд үхэлтэй тэмцэж байгаа нь улс оронд маш ноцтой байдал үүссэнийг илтгэж байна.

Коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй гэж харж байна. Та нар ах дүү, хамаатан саднаа ажилд оруулахын тулд ажлаа мэддэг, туршлагатай маш олон төрийн албан хаагчийг КОВИД-ийн хуулиар далимдуулж халсан. Мөн цар тахалтай тэмцэхэд зориулах хөрөнгийг төсөл хөтөлбөр нэрээр сонгуульдаа зарцуулсан. Түүнээс бол өнөөдрийн байдал үүсээд байна.

Үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд Нийгмийн даатгалын санг цөлмөөд дуусгасан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орох гэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Үүнийг яаралтай шийдэхийг шаардаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль үүнтэй зөрчилдөхгүй. Тиймээс шинжилгээ болон шаардлагатай эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах хэрэгтэй.

Түүнчлэн төсвийн цоорхойг нөхөн тоног төхөөрөмжийг ЭМД-ийн сангаас гаргаж болдоггүй хуультай байтал тогтоол гаргаад авчихсан. Үүнийг яаралтай хүчингүй болгож, хуулийн дагуу болгох шаардлагтай байна. Дээрээс нь гурван жил улс төлөөгүй ЭМД-ийн сангийн  өрийн 201.5 тэрбум төгрөгийг яаралтай энэ санд төвлөрүүл гэдэг шаардлагыг тавьж байна. Өнөөдрийн хүндрэл бидний менежментээс болж байгаа болохоос эрх мэдэл дутаагүй шүү” гэлээ.

Үүний дараа Шадар сайд С.Амарсайха цахг үеийн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ: 

"Яг л таны хэлсэн нөхцөл байдал үүссэн учраас бид энэ хуулийг сунгах асуудлыг оруулж ирж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуульд “Монгол Улсын иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцна” гэж заасан. Гэтэл ЭМД-ийн тухай хуульд дээрх заалтыг тусгаагүй. Үүнээс бол хэвтэн эмчлүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, амбулторийн үзлэг хяналт хийх гээд олон үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон. Хуулийн хязгаарлалтаас болж очих ёстой зардал нь өрхийн болон дүүргийн эмнэлгүүдэд хүрч чадахгүй байгаа учир Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтыг ЭМД-ийн тухай болон КОВИД-ийн тухай хуультай уялдуулах шаардлага үүсэж байна."  гэж ярьсан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсны хувиар нэг зүйл хэлмээр байна. Хуульд өдрийн эмчилгээ, гэрээр эмчлэх тусламж үйлчилгээ байгаа шүү дээ. Үүнийг нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж болно. Хууль дээр гацаад байгаа зүйл харагдахгүй байна.ЭМД-ийн сангийн мөнгөөг тоног төхөөрөмж худалдан авсан тогтоолыг өөрчилж болох уу" гэж асуухад  Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. Тэрбээр " Энэ хөндөж буй асуудал их зөв. Гэхдээ энэ асуудал шийдэгдээд явж байгаа шүү.

Энэ жил Эрүүл мэндийн сайд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, төвлөрсөн арга хэмжээнд зарцуулж болно. Бусад 1.2 тэрбум төгрөг нь ЭМД-ийн сан юм. Нийгмийн даатгалын сан бол хуримтлагдаад явдаг. Эрүүл мэндийн даатгалын сан жилийн эцэст тэг үлдэгдэлтэй байх ёстой. Тухайн жилдээ бүгдийг нь зарцуулж дуусах ёстой юм. Энэ жилийн тухайд 300 тэрбум нь л даатгуулагчдын шимтгэлээс орж байгаа. 500 тэрбум нь төсвийг өгсөн татаас. 259.4 тэрбум төгрөг нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Энэ уг нь байх ёсгүй юм.

Өрхийн түвшинд энэ сангаас санхүүжүүлэх ёстой гэж байна. Үүнийг одоо ч зарцуулаад явж байгаа. Өрхийн эмнэлгийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүх тарифаар ЭМД‑ийн сангаас санхүүжүүлж байгаа. Гагцхүү үүн дээр нэг сөрөг зүйл гарч байгаа нь гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа явдал юм. Гүйцэтгэлээр явдаг учраас санхүүжилт нь хоцроод байгаа. Тиймээс Засаг өгч байгаа санхүүжилтийнхээ хүрээнд урьдчилгааны эрх мэдэлтэй болох гээд байгаа юм.