Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 19 аймагт гамшгаас хамгаалах зэргийг бууруулсан ч Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт энэ сарын 11-нийг хүртэл хөл хориог сунгасан.

Мөн хот хооронд зорчих иргэдийг 12 дугаар сарын 01-10-ны хооронд зорчуулах шийдвэрийн дагуу иргэд нутаг буцаж байна. Тус хугацаа дуусахад 2 хоног үлдлээ. Мөн Нийслэлийн онцгой комисс Улаанбаатарт хөл хориог сунгах эсэх, зарим ААН-ийн үйл ажиллагааг үе шаттай нээх саналаа энэ сарын 07-нд Улсын онцгой комисст хүргүүлэхээ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Эдгээр болон коронавирусийн халдвартай холбоотой бусад асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс, маргааш Засгийн газар хуралдахаар болжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдэээллийн албаны дарга Ц.Ганзориг өчигдөр "Маргааш Улсын Онцгой комисс, лхагва гарагт Засгийн газар хуралдаж, халдварын эсрэг бодит үр дүн дээр үндэслэн шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм, эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газар эцэслэн баталдаг.