Баярмаагийн Баярчимэг
06 сарын 28, 2021
Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэн Сүхбаатарын талбай дээр '"Гашуудал гацалт" нэртэй хоёр минутын чимээгүй флашмоб хөдөлгөөнийг зохиолоо.
Хөдөлгөөнд оролцогчид цар тахлын үеийн дүрэм журмыг баримталж, зайгаа барьж, үзэл бодлоо илэрхийлэв. Зохион байгуулагчид үзэл бодлоо тайлбарлахдаа,
'Бид ямар нэгэн үймээн самуун дэгдээх зорилгоор энэ арга хэмжээг хийгээгүй. Харин цар тахал аж ахуйн нэгж, ажил олгогчид, цомхотголд өртсөн хэн бүхэн амьдралд нь хэрхэн, яаж нөлөөлж байгааг ойлгуулж, төр засагт дуу хоолойгоо хүргэх гэсэн юм. Хэрвээ биднийг цагдаагийн байгууллага зогсоож, дарамт шахалт үзүүлбэл манай хуульч ярилцах болно" гэв.
"Тэвчээр тасарлаа" уриан дор баар, караоке, халуун усны газар, цахим тоглоомын газар зэрэг үйлчилгээний байгууллага ийнхүү нэгдэн, соёлтойгоор өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Энэхүү хөдөлгөөний үеэр тэднээс гадна эмнэлгийн цөөн тооны ажилтнууд нэгдэн ажлын ачаалал нэмэгдэж, туйлдаа хүрсэн ч цалингийн нэмэгдэл өгөхгүй, эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх ашгийг хохироож байна гэлээ.
Зарим үйлчилгээний байгууллагуудад заалаар үйлчлэх боломж олгосон ч нөгөө хэсгийнх нь эрх ашгийг үл тоож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварласан хэрэг гэж тэд үзэж байгаа юм.
"Цахим тоглоомын газруудын цаана 900 гаруй хүн ажлын байраа алдчихлаа...
/Лофф" цахим тоглоомын газрын захирал Б.Бөртэ/
Бидний үйл ажиллагааг дэмждэггүй, тоохыг ч хүсдэггүй нь үнэн. Гэтэл өнөөдрийн байдлаар улсад бүртгэлтэй 197 гаруй цахим тоглоомын газрын 110 гаруй нь бүр мөсөн үйл ажиллагаагаа хаачихлаа шүү дээ. Энэ салбарын бизнес эрхлэгчдийн банкаас авсан өр зээлийн хэмжээ 3,8 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ тоогоор тэдгээр өрхүүдэд асуудал үүсэж байна. Ойролцгоор 900 гаруй хүн ажлын байраа хэдийн алдсан. Бидний зүгээс УОК-т удаа дараа "Ажлын байрныхаа 50 хувийг ашиглаж, хоёрдугаар тундаа хамрагдсан 18-аас дээш насныханд үйлчилье" гэж санал хүргүүлж ирлээ. Нэгэнт цар тахалтай зэрэгцэн орших нь тодорхой болчихлоо. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллах зөвшөөрлийг олгохыг хүсэж байна
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.