Уулзалтын үеэр өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн санхүүжилт анхан шатанд шилжиж ирэхгүй байгаа талаар асуудал хөндөгдлөө. Тодруулбал, КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70 мянган төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор болсон. Гэвч энэ санхүүжилт өрхийн эмнэлэг дээр ирэхгүй байгаа тухай иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байгаа юм. Энэ талаар  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн: 

"Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэгт  500 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн вакцинжуулалтын тарилт бүрт 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4,5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн" гэлээ.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны зүгээс эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, холбогдох байгууллагыг шахаж ажиллаж байгаа талаар танилцууллаа.Санхүүжилтийн мөнгөөр эмнэлгүүд эмч, ажилчдадаа илүү цаг, урамшуулал, цалин хангамжийг нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн гэв. 

Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтийг дор бүр нь шийдвэрлэж байгаа. Гэвч санхүүжилтийг нийслэлийн эрүүл мэндийн газар дүүрэгт, дүүргийн эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлэгүүдэд хуваарилах ёстой байдаг.  Энэ хуваарилалт нь яагаад гацаад байна. Юунаас болоод очихгүй байна гэдгийг яамны зүгээс анхааруулж, зохих шийдвэрийг гаргаж байгаа. Үүн дээр нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага судалж, мэдээллийг зөвөөр ойлгуулах шаардлага байгаа талаар уулзалтаар хөндөгдөв.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Л.Энхсайхан,Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга н.Цогтбаатар нар оролцлоо.