Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээтэй ярилцлаа. 

-Наадмын энэ өдрүүдэд таны бага насны сайхан дурсамжаас ярилцлагаа эхлүүлье?

-Хүүхэд ахуй насаа хөдөө өнгөрүүлсэн. Адуу малтай ноцолдож, айл саахалтын хүүхдүүдтэй барилдаж өслөө. Сумын наадамдаа хурдан морины унадаг унаач хүү байлаа.

Наадмын урд өдрөөс л догдлоод эхэлнэ шүү дээ. Шөнө унтаж чадахгүй адуугаа манаад л хононо. Өглөө нь аав, ээж духан дээр үнсээд л “За, миний хүү түрүүлээд ирээрэй” гэнэ. Энэ үгнээс нь урам авсандаа ч юм уу, аавын ерөөл биелэх зөнтэй байдагтаа ч тэрүү дандаа л түрүү магнайд орж ирдэг байсан. Жаахан томроод морины хүүхдээс хасагдсан л даа. (инээв)

Арав хүрээгүй байхдаа л сумын наадамд зодоглож, ах бөхчүүдийн аманд орж өргөж тавиулах нь нэг ёсны бэлтгэл байж дээ. 


-Сумын цолоо хэзээ авч байв? 

-2007 оны зун гэхээр 19 настайдаа сумын заан цолыг хүртэж байсан юм байна.

Тухайн үедээ хүүхдээрээ шахуу амьтан. Өөр аймаг, сум, хотоос ирсэн ах нар, залуустай тойргийн барилдаан хийж, давааны тоогоороо хоёрт орсноор сумын заан болсон. 


-Удмаа дагаж бөх болох нь элбэг. Танайх бөхийн удамтай улс уу?

-Манай аав, өвөө, ах нар гээд бүгд л бөхийн хорхойтнууд. Цагаан сар, улсын наадмын  барилдааныг тойрч суучихаад радиогоор л сонсдог байлаа шүү дээ. Намайг бага байхад зурагт ховор байсан.

Аав минь хоёр хүүгийнхээ нэгийг нь заавал бөх болгоно гэнэ. Бид хоёрыг дагуулаад аймгийн цолтой бөхчүүдээр биднийг шинжүүлэхэд “Том хүү чинь барилдвал барилдахаар юм байна” гэж хэлж байсан юм билээ.  

Би ч яахав айл саахалтын хүүхдүүдтэй барилдаад даваад ирэхээрээ “Арай илүү эр бяртай ч юм уу даа” гэж урамшиж аваад  бөх болсон доо. 


-Бөх барилдана гэдэг нэг ёсны ажил мэргэжил юм аа даа?

-Өө тэгэлгүй яахав. Энэ нь нэг ёсондоо миний мэргэшил гэж болохоор шүү. Би чинь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид харьяалагддаг, дэд ахлагч цолтой,  “Бумбат Зүрх” ХХК-ийн тамирчин. Улс аймгийн уралдаан тэмцээнд амжилттай сайхан оролцох нь албаа нэр төртэйгээр хашиж байгаагийн илрэл юм даа. 


-Тэгэхээр улсын наадам хамгийн том шалгалт байх нь?

-Улсын наадам бол бөхчүүдийн хувьд жилийн эцсийн тайлан. Энэ тайлангаа гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс, надад итгэл хүлээлгэсэн нутгийн зон олондоо дүгнүүлэнэ шүү дээ.

Үнэндээ нэг л жилийн бэлтэлийн үр дүн биш бөхөөр хичээллэсэн бүхий л он жилүүдийн хөдөлмөрөө нэгтгэх чухал мөч . 


-Өдийд зүлэг ногоон дэвжээнээ ид барилдаж байх цаг шүү дээ. Наадамгүй өнжих нь бөх хүнд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

-Наадам болохгүй гэхээр сэтгэл нэг тийм хоосон. Үнэн гэдгийг нь мэдсээр байж итгэхийг хүсдэггүй мэдрэмж хүнд төрдөг дөө. Яг л тийм бодол төрж, арай ч өнжихгүй болов уу гэсэн найдвар тасардаггүй юм байна. Яг одоо ч энэ мэдрэмж төрсөөр байна.(санаа алдав)

Санасандаа хүрсэн барилдаан гаргаж чадалгүй унахаас ч хэцүү мэдрэмж төрж байна.  


Бичлэг үзэх: 


-Саваагүйтээд асуухад, бөхчүүд эрт өвдөг шороодчихоороо юу хийдэг юм бэ, унасан даруйд юу боддог бол?

-Бусад бөхчүүдийнхээ барилдааныг л үзнэ шүү дээ, хамгийн түрүүнд.(инээв) Нутаг ус, нэг галын бөхчүүд, хүндэлж явдаг аварга арслангуудаа харж баясна.

Унасан даруйдаа бол “Яагаад унав, яавал унахгүй байсан бэ” гээд л нэг хэсэг бодно. Үнэхээр сайн барилдаан гаргаж чадахгүй унасан бол харамсалгүй яахав

Үнэхээр бүх хүч, арга мэхээ гаргаад дийлээгүй бол юу ч бодохгүй. Угаасаа дийлэхгүй хүнийг яах вэ дээ. “Ганц миний унадаг наадам биш “ гэж өөртөө итгэл өгөөд “Дараа жилийн наадам даанч хол байна даа гээд л бэлтгэлдээ орно доо. 


-Шууд л бэлтгэлдээ ордог юм уу?

- Ер нь л долоо хоногоос хэтрэхгүй дээ. Ноцолдож эхэлдэг.


-Бөх хүн хамгийн сайхан мэдрэмжийг хэзээ авдаг бол. Барилдаанд давах үедээ юу, цол нэмэхдээ юу?

-Засуулаар цолоо дуудуулах мөч хамгийн сайхан нь. Монголчууд ярьдаг шүү дээ. Бөх хүнийг барилдахад нутгийнх нь уулс дагаж явдаг гэж. Зүгээр ч нэг үг биш ээ.

Үнэхээр ч засуул маань нутгийн минь нэрийг уянгалуулан дуудахад хийморь сэргэж, нүд нээгдээд юуны төлөө барилдах ёстой минь тодроод ирдэг дээ.  


-Тэгвэл та юуны төлөө барилддаг юм бэ?

-Үзэгч түмэн, нутгийн зон олноо харж баясах өөрсдийн гэсэн бахархалтай байгаасай гэж хүсдэг. Өмнө бол эрийн гурван наадмаа л бүгд үздэг байсан бол одоо олон шинэ спорт үзэх болжээ. Монгол хүмүүс монгол бөхөө барилдахыг хараад баярладаг, бахархдаг. Энэ бахархал нь үүрд үргэлжлээсэй гэж хүсдэг. Барилдах бөхтэй байж л хүмүүс нь бөхөө үзнэ биз дээ. 


-Гунигтай нь энэ жил наадам болохгүй нь. Наадмын өдрүүдээр юу хийх билээ? 

-Гунигтай ч гэсэн баяр наадмын өдрүүдээр гэрийнхэнтэйгээ байх нь сайхан юм. Энэ жил нутагаадаа жолоо сунга, төрж өссөн уул, усандаа очиж  хэд хоног амрахаар болж байна. 

Буцаж эрээд л бэлтгэлдээ орно. Наадам нэгээр дуусахгүй гэж дараа жилийн наадам хүртэл бэлтгэлээ л сайн хангаж аваад том зорилгынхоо төлөө зүтгэнэ дээ.