“Channel 11”телевиз, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа “Ярууслын чуулган” яруу найргийн наадам Монгол туургатны найрагчдыг чуулуулж байна. 

Уг наадмын эхний шат удахгүй дуусах бөгөөд нийт 300 орчим уран бүтээлчид нийслэл болон 21 аймаг, дэлхийн өнцөг булан бүрээс бүтээлээ ирүүлжээ. 

Өвөрмонгол, АНУ, Япон, Франц, БНСУ-аас бүтээлүүд ирж байгаа бөгөөд хамгийн залуу нь 18 настай, хамгийн өндөр настай нь 85 настай найрагч байгаа гэнэ. Наадмын оролцогчидыг дэмжиж байгаа хүмүүс бас нэгэн сонирхолтой уралдааныг өөрсдөө зохион байгуулж эхэлсэн нь хамгийн царайлаг найрагч, хамгийн өндөр хандалт авсан, хамгийн уран уншсан найрагчийг шалгаруулж наадмын зохион байгуулагчдад уламжилж эхэлсэн сурагтай. 

Энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж байгаа ч цаашдаа жил бүр уламжлал болон зохиогдох уг наадамд “Болор цом” яруу найргийн тэмцээний шагналтнууд хүч үзэж байгаа бөгөөд анх удаагаа бүтээлээ хүмүүсийн хүртээл болгож байгаа залуу яруу найрагчид ч тэднээс дутахааргүй дээгүүр “давхиж” байгааг наадмын зохион байгуулагчид онцолж байна. 

Мөн үе үеийн уншигчидын чихний чимэг болсон найргуудыг тэрлэсэн ахмад буурайнууд энэхүү наадмыг чимэж байгаа нь ч нэлээд онцлог байгаа талаар мөн ярилаа. Тус наадмын хоёрдугаар шат удахүй эхэлнэ. Хоёрдугаар шатанд 50 уран бүтээлч шигшигдэж үлдэх юм.

Хэрэв “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд оролцож амжаагүй бол яг одоо shilennews@gmail.comхаягаар бүтээлээ ирүүлж болох юм байна. Мөн shilen.mn хуудсаар орж наадмын талаарх мэдээллийг аваарай.