Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяар эрх нь зөрчигдөж байгаа охидод туслах, тэдний эрх тэгш боловсрол эзэмших, сурч хөгжих, эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэхээр 2012 оноос жил бүр тэмдэглэсээр иржээ.

Учир нь охин болж төрснийхөө төлөө гадуурхагдах, хүчээр гэрлэх, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах, боловсрол эзэмшиж чадахгүй байх зэрэг олон асуудал одоо ч дэлхийн нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. 

Жишээ дурдвал:

  • Африк, Латин Америк, Карибын тэнгис, Ойрхи Дорнодын орнуудад охидыг хүчээр хүнтэй гэрлүүлдэг ёс одоо ч байдаг бөгөөд эдгээр орнуудад 3 охин тутмын нэг нь 18 насанд хүрээгүй байхдаа хүчээр хүнтэй гэрлэдэг гэсэн судалгаа бий. Энэ нь өдөр бүр дэлхий даяар 47700 охин хүсээгүй гэрлэлтийн хохирогчид болдог гэсэн үг юм.
  • Дэлхий даяар 130 сая охид хүртээмжтэй боловсролын гадна үлдсэн байдаг. Малала сангийн хийсэн судалгаагаар охид 12 жил сургуульд сурч, бүрэнд дунд боловсрол эзэмшиж чадвал хөгжиж буй орнуудын эдийн засаг жил бүр 92 тэрбум ам.доллароор тэлэх боломжтой гэжээ.

Мөн улс орнууд охидыг хөвгүүдтэй адил, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд анхаарч эхэлбэл дайн болох магадлал 50 хувиар буурдаг байна.

Түүнчлэн Брукингсийн хүрээлэнгийн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй арга бол охидын боловсролд хөрөнгө оруулах юм гэдгийг онцолсон байна.