Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй мэдээлэл түгээн ажилладаг Peak.mn сайт "Би нэг удаа" хэмээх нэртэй цоо шинэхэн контент эхлүүлж байна. 

Энэхүү буланд уригдсан зочид өөрт тохиолдсон хүний эрхийн мэдрэмжгүй, бүдүүлэг санагдсан явдлуудаа бидэнтэй хуваалцах юм.

Ингэснээр та бүхэн өөрөө ч анзааралгүй бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг үйлдлүүдээ ажиглаж, хүний эрх болоод жендэрийн мэдрэмжтэй, соёлтой иргэн байхад тань тусална хэмээн найдаж байгаа юм шүү.

Контентын маань хамгийн эхний зочноор Гаагийн олон улсын хуульч Н.Орчлон оролцлоо.


Н.Орчлон: Хүний эрх гэдэг хүний сонголтыг хүндэтгэж сурах тухай ойлголт юм

Би нэг удаа найз охинтойгоо хамт тайчих клубт /strip club/ ороод хоорондоо ярилцангаа залуу охидыг бүжиглэхийг хараад сууж байлаа. Гэтэл хажуугаар өнгөрч явсан залуу гэнэт цаашаа хараад бүжиглэж байсан охины өгзөг рүү маш чанга алгадчихсан. 

Зүгээр л ажлаа хийж зогссон тэр охин маш их гайхаж, цочирдож, хэсэг яахаа мэдэхгүй зогссон доо. 

Тэр явдлыг хараад манай залуучуудад хүний эрхийн мэдрэмж суух болоогүй байна даа хэмээн халаглаж суулаа. 

Тэр охин тайчих клубт /strip club/ бүжиглэж байна гэдэг бол ажлын байран дээрээ ажиллаж хөдөлмөрлөж байна л гэсэн үг. Хүнийг ажлаа хийж байхад биед нь зөвшөөрөлгүй хүрнэ гэдэг бол шууд утгаараа хүний биед халдаж байгаа үйлдэл юм. 

Хэн нэгнийг өөрийнхөө үнэлэмжээр тийнхүү дорд үзэж, өгзөг рүү нь алгадна гэдэг бол туйлын бүдүүлэг үйлдэл шүү гэдгийг хэлмээр байна. 

Хүний эрх гэхээр их л албан сонсогддог байж болно. Энэ бол ердөө хүний сонголтыг хүндлэх тухай ойлголт юм. Тэр охин ямар ч шалтгаанаар тайчих клубт ажилладаг байж болно. Зүгээр л бүжгийн урлагт дуртай хүн байж болно шүү дээ. Тиймээс бусдын сонголтод хүндэтгэлтэй хандаж, бүдүүлэг зан авираа татаж явахад л хүний эрхийн мэдрэмж оршиж байгаа юм. 

Хүнд өөрт нь сонголт хийх эрх чөлөө олго. Нэгэнт сонголтоо хийсэн бол сонголтыг нь хүндэлж сураарай гэж залуучууддаа уриалмаар байна.