Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй мэдээлэл түгээж, тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжин ажилладаг Peak.mn сайт "Би нэг удаа" шинэ контентийнхоо тав дахь дугаарыг хүргэж байна. 

Энэ буланд уригдсан зочид өөрт тохиолдсон түүхээсээ хуваалцдаг. Тэр нь хүний эрхийн тухай мэдрэмжийн тухай билээ.


Бидний бэлтгэсэн контентууд танд өөрөө ч анзааралгүй бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг зарим үйлдлүүдийг таниулж, хүний эрх төдийгүй жендэрийн мэдрэмжтэй иргэн байхад суралцах тухай билээ.

Энэ удаагийн  "Би нэг удаа..." булангийн зочноор дуучин Д.Дэмбэрэлнямбууг урьсан юм. 



                                       Би л буруутай мэт сандарч түгшсэн үе

Би нэг удаа “UB Palace”-д “Хархан нүдэн” анхны уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Түүнээс хойш гурван жил өнгөрчээ. Хамгийн адал явдалтай тоглолт гэж ч болно.

Та бүхэн санаж байгаа бол тухайн үед дэлхий нийт ковид-19 вирустэй тэмцэж байсан ч манай улс ковидыг дотооддоо алдаагүй байсан үетэй миний тоглолт давхцсан юм.

Гэтэл тоглолтоо хийсний дараа л “Хархан нүдэн” тоглолтод оролцсон хүнээс ковидын халдвар илэрлээ” гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. 

Хоёр хоногийн дараа гэртээ амарч байтал ЦЕГ, ТЕГ-аас залгаад тоглолтын тухай лавлаж эхэлсэн.

Тэр шөнө унтаж чадаагүй, яг яахаа мэдэхгүй зөндөө түгшсэн, сандарсан. Удалгүй биднийг ковидын ойрын хавьтал гэж үзээд тусгаарласан. Гэхдээ биднээс ковидын халдвар илрээгүй. 

Бичлэг үзэх:

Ингээд маргааш нь буюу 11-р сарын 11-нд Монголд албан ёсоор ковидын тохиолдол бүртгэгдсэн дээ. Үүнд одоо ч намайг буруутгадаг хүмүүс бий.

Намайг ковид вирусыг "үйлдвэрлээд" тоглолт дээрээ тараачихсан юм шиг ташаа ойлгодог хүмүүс ч бий. 

Тэр нь хэтрээд надад “Ковид нямбуу” гэдэг нэр хүртэл өгчихсөн байна лээ. 

Өнөөдөр эргээд харахад...

Ковидыг дотооддоо алдах эсэх нь цаг хугацааны асуудал байсан шүү дээ. Ер нь Энхсаран сувиллын буруутай үйл ажиллагаанаас ковид тарсныг олон нийт төдийлөн мэддэггүй юм билээ. Түүний цаана олон асуудал байсныг нийгмээрээ л ярьж бичсэн, би энэ талаар нарийн яриад яах вэ.

Тухайн үед “Монгол хүн ковид тусахгүй” гээд итгэчихсэн байсан. Яг ийм барьц алдсан үед хэн нь хэн бэ гэдэг нь харагддаг юм билээ.

Ковид туссан хүмүүсээ ямар их ялгаварлан гадуурхаж, хүний эрхийн зөрчил гаргаж байснаа өнөөдөр бид мартчихсан. Анх ковидын илэрц нь батлагдсан жолооч Д гэж хүнийг хүртэл маш их хэлмэгдүүлсэн. Бид энэ түүхийг мартчихсан л яваа. Гэхдээ энэ бол хүний эрхийг хүндэтгэж байх ёстойг сануулсан бодит явдал билээ.


Сошиал шүүлтийн дундуур явж үзсэн

Энэ бүх шүүлт ихэнхдээ сошиал медиа буюу фейсбүүк хуудсын ард өрнөсөн. Сошиал дээр хүнийг амьдруулна, үхүүлнэ, яллана шийтгэнэ, шүүнэ гээд бүх л үйл явцыг хийчхэж байна. 

Энэ бол надад тохиолдсон ганцхан түүх. Тэр үед хэлмэгдээд, сошиал ертөнцөд үг хэлээр "чулуу шидүүлээд" л өнгөрсөн.  Гэтэл одоо ч энэ байдал ажиглагддаг. Бусдыг ямар нэг асуудлаас болоод зөндөө дайрч, доромжилж байгааг хараад сэтгэл өвддөг.

Цаана байгаа учир шалтгааныг нь мэдээгүй байж бүгдээрээ хошуураад элдвээр хэлэх хэрэггүй шүү дээ.

Үнэндээ бидэнд мэдэхгүй, ярихгүй, оролцохгүй сэдэв ч гэж алга. Сэдэв голохгүй юм. 

Цэцэрлэгийн хүүхдүүд бие биеэ дагаад хаашаа ч хамаагүй гүйлддэг шиг л үйл явдал болдог юм билээ. 

Тиймээс бүх сошиал хэрэглэгч, үүнийг уншиж байгаа хүнд бүхэнд хандаж "Таны хэлж ярьж, сэтгэгдлээ үлдээж, магад доромжилж байгаа сэдвийн цаана хүн сэтгэл зүйгээрээ хохирч байдаг юм шүү" гэдгийг сайтар ойлгож, ухамсартай байгаарай гэж уриалъя.


Өмнөх контентуудыг унших

Би нэг удаа #1: Хүний эрх гэдэг хүний сонголтыг хүндэтгэж сурах тухай ойлголт юм

Би нэг удаа #2: Хүний угсаа гарвал руу бүдүүлгээр халдана гэдэг хамгийн "орк" үйлдэл

Би нэг удаа#3: Төрсний дараах эмзэг үеийг хосууд ойлголцож, хамтдаа давах хэрэгтэй

Би нэг удаа #4: Санаандгүй хэлсэн ганц үг бусдын амьдралд хар толбо болж үлддэг гэдгийг бүү мартаарай