Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй мэдээлэл түгээхийг зорьдог Peak.mn сайт “Би нэг удаа” цувралын ээлжит дугаараа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Зэс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ оролцож, өөрийн амьдралын түүхээс хуваалцлаа.

 

Ц.Зэс-Эрдэнэ: Санаандгүй хэлсэн ганц үг хүний амьдралд маш том толбо болж үлддэг учраас үг, үйлдлээ цэгнэж байгаарай 


Би нэг удаа байрныхаа гадаа сууж байлаа. 

Бие муутай хүүхэд байсан учраас үеийнхэнтэйгээ хамт тоглож чадахгүй алсаас хараад сууж байгаа нь тэр. 

Намайг харсан нэг хүүхэд гүйж ирээд “Хамт тоглох уу” гэв. Гэтэл тэр хүүхдийн аав хажуугаас гарч ирээд “Энэ хүүхэдтэй битгий найзал, энэ чинь өвчтэй хүүхэд” гэж хэлсэн.

Тэр үед сэтгэл зүрх урагдах шиг л мэдрэмж төрсөн. Маш их уйлж, гомдож байснаа санадаг юм. Тухайн үед яагаад ийм хандлага гаргаж байгааг нь ойлгоогүй ч сургуульд орж, нийгэмшиж эхлэхдээ “Би чинь бусдаас ялгаатай юм байна. Тийм учраас хүмүүс надтай ингэж дооглож тохуурхсан, гадуурхсан байдлаар харьцдаг юм байна” гэдгийг ойлгоод асар том сэтгэл зүйн шарх авчээ гэж боддог.

Би хоёр ихэр төрсөн ч нөгөө ихэр маань амьдарч чадаагүй юм билээ. Харин би дутуу төрөлтийн улмаас хөдөлгөөний саажилттай болсон. Багадаа бие муутай, таван нас хүртлээ явж чаддаггүй байсан учраас хэн ч харсан хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь ойлгогддог байсан биз. 

Одоо бодоход хүүхэд насны минь хамгийн хэцүү зүйл нь бусдын хандлага байсан юм шиг санагддаг. Намайг харахаараа “Өрөөл татанхай, мэдрэл муутай, эрэмдэг” гэж дооглож тохуурхах энүүхэнд. Хамгийн гол нь энэ сөрөг хандлагууд ихэвчлэн ангийн найзуудын маань эцэг эхээс ирдэг байсан. 

Ер нь хүнд хамгийн хамгийн муухай сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол амнаас гарч байгаа үг, үйлдэл, харц гурав байдаг. 

Санаандгүй байдлаар хэлсэн тэр ахын үг миний амьдралд маш том толбо болж үлдсэн. Тийм ч учраас амьдралынхаа 28 жил нуугдаж амьдарсан байгаа юм. Хэн намайг юу гэх бол гэдэг айдастай тэр олон жил амьдрахдаа маш их сэтгэл зүйн асуудалтай тулгарч, түүнийгээ давж гарах гэж амаргүй замыг туулсаар өнөөдрийн өөрийгөө бүтээжээ гэж хардаг. 

Би одоо 30 нас хүрч байна. Өдөр бүр хичээж, олон удаа бариа засал, физик эмчилгээ хийлгэж, дасгал хийсний үр дүнд миний бие сайжирсан. Хамгийн гол нь хэн ч юу ч гэж хэлсэн хүндээр тусгаж авахгүй сэтгэл зүйн дархлаатай болж чадсан.

Эргээд харахад өнгөрсөн хугацаанд нийгэм маш их өөрчлөгджээ. Залуучуудын хандлага сэтгэлгээ үнэхээр өөр болсон. Харин зарим нэг онцгүй хандлага одоо ч байсаар байгаа нь ажиглагддаг. 

Хүнийг гадаад үзэмж, өмссөн хувцас, царай зүс, биеийн байдлаар нь ялгаж харьцана гэдэг үнэхээр гутамшигтай гэдгийг хэлмээр байдаг. Тиймээс хүнийг хүн чигээр нь хүлээн авч, хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж амьдардаг.

Би хувьдаа хэн нэгний ертөнц рүү бүдүүлгээр халдахгүй байхыг л хүний эрхийн мэдрэмж гэж тодорхойлно. Тэгэхээр манайхан үг үйлдлээ маш сайн анхаарч, хүнийг хүн гэдэг үүднээс нь хайрлаж сураасай гэж хүсмээр байна.