“Facebook” компани нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд шинэ нэрээ ирэх долоо хоногт зарлагдана гэж "The Verge" мэдээлэв.

Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг Connect чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй гэнэ. 

Фэйсбүүк үйлчилгээ нь Instagram, WhatsApp, Oculus зэрэг бусад бүтээгдэхүүний хамт нэг толгой компанийн дор ажиллах ажээ. Ингэснээр Фэйсбүүк нь зөвхөн сошиал медиа компани биш, интернетийн дараагийн үе гэгддэг метаверс салбарын компани болж байгаагаа харуулах зорилготой гэнэ.

Компани метаверс буюу виртуал ертөнц бүтээхийн тулд 10 мянган хүнийг ажилд авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Метаверс (metaverse) гэдэг хүмүүсийг бодит амьдралаас нь гадна AR (Artificial Reality), VR (Virtual Reality) зэрэг технологийн тусламжтай виртуал ертөнцөд нэвтрүүлэх тухай ойлголт.

Нэрээ солих нь сүүлийн үед хэл ам дагуулсаар байгаа Фэйсбүүк компанийн хувьд нэр хүндээ сэргээх чухал шийдвэр байж мэдэх юм.

Дан ганц Фэйсбүүк гэлтгүй, Google компани ч бас 2015 онд ийм загвараар нэрээ сольж, Alphabet толгой компанийн дор бүх үйлчилгээгээ явуулдаг болсон.

Ингэснээр тус компани зөвхөн хайлтын системийн компани биш болж, илүү өргөн хүрээнд ажиллах зорилгоо зарласан билээ.


Эх сурвалж: The Verge