“ТХБ-ЗОЧИН”- оор БШУЯ-ны газрын дарга Т.Ням-очирыг урьж “тэгш хамран сургалт-чанартай боловсрол” сэдвийн хүрээнд ярилцлаа.  

 -Тэгш хамруулсан, тэгш боломжийг бий болгосон чанартай боловсролыг олгох, насан туршид суралцах боломжоор хангах нь дэлхийн нийтийн тэмүүлж буй ТХЗ-ын нэг зорилт, амлалт. Энэ зорилтод чиглэсэн МУ-ын Засгийн газрын, салбарын яамны хийж хэрэгжүүлж байгаа гол бодлого, үйл ажиллагааг тодотговол? 

-Боловсролыг бүх нийтийн эрх болгох, энэ эрхийг хүн бүрийн хувьд бодитоор хэрэгжүүлэх нь чухал. 

Олон төрлийн сорилт, бэрхшээлүүд нь боловсрол эзэмших боломж тэгш бус байсаар байгааг та бидэнд сануулж байна. 

Таван хүүхэд тутмын нэг нь КОВИД-19 цар тахал гарахаас өмнө хүртэл боловсролын үйлчилгээнд огт хамрагддаггүй байсан тухай НҮБ-ын тайланд дурдсан байна. Цаашлаад гадуурхал, хуучны хэвшмэл үзэл, хандлага нь олон мянган хүүхдээс тэгш боломжийг хулгайлж байгааг бид ухаарах ёстой. 

КОВИД-19 цар тахал нь нийгэм дэх тэгш бус байдлыг улам бүр ил тод болгож байна. 

Боловсролын салбарыг бэхжүүлэхийн тулд боловсролын гаднах тэгш бус байдалд илүү анхаарах цаг нэгэнт болжээ. Мөн дижитал хуваагдал бодит асуудал  боллоо. 

                  “СУРАЛЦАГЧ БҮРТ ӨӨРИЙГ НЬ ҮНЭЛЖ, ХҮНДЭТГЭЖ БАЙГААГ МЭДЭРЧ СУРГУУЛЬДАА ХАМААТАЙ ГЭСЭН ТОДОРХОЙ МЭДРЭМЖ ӨГӨХ НЬ ЧУХАЛ”

БШУЯ-наас Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганд өргөн барьсан. 

Боловсролын зорилго, зорилтоосоо эхлэн өөрчлөхийг зорьж байна. Суралцагч бүрт өөрийг нь үнэлж, хүндэтгэж байгааг мэдэрч сургуульдаа хамаатай гэсэн тодорхой мэдрэмж өгөх нь чухал. 

Иймийн тулд сургахаас суралцахуй гэсэн концепцийг хуульд шингээж өгч байгаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд тэгш хамран сургах бие даасан бүлгийг тусгаж өгсөн. 

Насан туршдаа суралцахуйн асуудлыг хуульд шинээр томьёолсон. Албан болон албан бус боловсролоос гадуур гэр бүл, ажлын байр, хүрээлэн буй орчноос бие даан суралцах буюу “амьдралын орчинд суралцах” үйл ажиллагааг хуульд тусгасан.

Хууль, эрх зүйн хувьд шинэчлэлүүдийг хийх хэдий ч тэрхүү туйлын зорилгод хүрэхэд олон саад бэрхшээл тулгарна. Хөгжлийн хүнд бэрхшээлтэй сурагчид болон сурагч нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн тогтолцоо руу шилжих нь хүн бүрийн оролцоог шаардана. 

Өөрчлөлтийг хэрхэн хийх вэ, хөгжсөн улс орнуудын тусгаарлалт дээр суурилсан тогтолцоог эргэн харж өөрчлөх үү... эсвэл тэгш хамруулсан тогтолцоог эхнээс нь цоо шинээр бүрдүүлэх үү... гээд олон талаас нь судалж, тогтвортой-сайн шийдлийг олох нь бидний үүрэг.

             

           “ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР, ХЯМРАЛЫН ТҮВШИН ӨНДӨР БАЙГАА НЬ СУДАЛГААГААР ТОГТООГДСОН”

- Ковидоос үүссэн цар тахлын энэ нөхцөл байдал, хөл хорио МУ-ын боловсролын салбарт, тэр дундаа ерөнхий боловсролын түвшинд ямар хүнд нөхцөл байдлыг бий болгоод байна? 

-Цар тахлын үеийн тодорхойгүй байдал, өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцах, уулзах боломжгүй болох, хэвийн үеийн дэглэм өөрчлөгдөх, эцэг эхийн гэрээсээ ажиллах эсвэл ажлын байраа алдахтай холбоотой стресс зэрэг нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гэх зэргээр  олон асуудал, сөрөг үр дагавар бий болсон.

Олон хүүхдүүд хоол, шим тэжээлийн дутагдалд орж, шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүйд хүрсэн. Тэгэхээр сургуулийн хоол ямар чухал болох нь харагдаж байна. Мэдээж, хүүхдүүдэд сэтгэлийн түгшүүр, хямралын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд. Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбарыг нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа. 

Сургууль бүрт хос сургалтын орчныг бүрдүүлж, багш бүр байгаль цаг уур, цар тахлын гээд ямар ч үед хичээл сургалтыг удирдан зохион байгуулах хосолсон сургалтын арга зүйтэй болж хөгжин, хүүхэд, эцэг эхчүүд өөрийн удирдлагатай, бие даан суралцах сургалтын шинэ арга хэлбэрийг нутагшуулах нь бидний алсын хараа байна.

             

   “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХ ГУРВАН ЖИЛИЙН /2021-2023/ ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛСАН. ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН”  

-АНУ зэрэг улс оронд цар тахлаас үүдсэн боловсролын хоцрогдлыг арилгахын тулд нарийн судалгаа явуулж, тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна. Манай улс энэ чиглэлээр ямар ажлуудыг өрнүүлж байна? 

-БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах гурван жилийн /2021-2023/ цогц төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Засгийн газарт танилцуулан, баталсан.

Хоцрогдол нөхөх гэдэг нь нэг удаагийн арга хэмжээ бус системтэйгээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна. Цаашлаад хүүхэд нэг бүрт тохирсон сургалтын арга зүйг хөгжүүлэх, хүүхдийн ахицаар нь үнэлж, дэмжих боловсролын шинэчлэлийн нэг хэсэг болж, нутагших ёстой гэж үзэж байна.

Онцгой байдлын үеийн теле хичээл, түүний үр дүн, тохиромжтой байдлын судалгаа, Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа, нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа /зайн сургалт/-г зохион байгуулж, үр дүнг бодлого, шийдвэрүүдэд тусган ажиллаж байна.

Энэ хичээлийн жилийн эхэнд багш, суралцагч, эцэг эхийн нийгэм, сэтгэл зүйн асуудалд чиглэсэн “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамжийг баталж хэрэгжүүлж байна. 

Үндэсний түвшинд хүүхдүүдийнхээ гарааны оношилгоог хийнэ. Хоцрогдол арилгахад зориулсан “Дасгал ажлын дэвтэр”ийг боловсруулан ашиглаж эхэллээ. 

Аймаг, дүүрэг тус бүрт багш нарын бүлгүүд байгуулагдан хамтран ажиллаж байгаа гээд батлагдсан цогц төлөвлөгөөний дагуу хоцрогдол арилгах үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж байна.   


“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ӨӨРИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХ НЬ НЭЭЛТТЭЙ”

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, малчин, ядуу, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дунд боловсролын хоцрогдол гарч байгааг зарим иргэд, судлаачид сануулж, шүүмжилдэг. Энэ нь заримыг нь ялгаатай байдлаар авч үзэж нийгмээс тусгаарладагтай ч холбоотой гэж үздэг. Үүн дээр ямар бодлого барьж, хэрхэн ажиллаж байна вэ? 

-Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журмыг баталсан. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийн хамран сургах тойргийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах нь нээлттэй болсон.

Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн уян хатан сургалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх,  ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, мэдээллийн технологийг сургалтад ашиглах, хүүхдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах боловсролыг дэмжих дэмжлэгийн баг ажиллаж байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам хэрэгжиж байна. 

Амьдралын нөхцөл боломжоос шалтгаалж эрсдэлд орсон хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэх, эдгээр хүүхдүүдийн судалгаа, мэдээллийг сургууль, хороо, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж бүрдүүлэх, солилцох гэх зэргээр дэмжин ажиллаж байна.

Малчин өрхийн 6 настай хүүхдийг эцэг эх нь хүсэлт гаргавал 7 настай элсэх боломж мөн нээлттэй. 

Чанартай боловсрол нь мэдээж төсөв санхүүтэй шууд холбоотой. Энэ хичээлийн жилд урсгал зардал болоод хөрөнгө оруулалт  өнгөрсөн 2019, 20 оныхоос хэрхэн өөрчлөгдсөн бол?

Боловсролын салбарт хийх гэж зорьж буй шинэчлэлийн хамгийн гол зүйл нь төсөв санхүүгийн асуудал. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж байж цаашид боловсролд зарцуулж буй нэг төгрөг бүрийн үр дүнг тооцдог болох нь чухал.

Боловсролын салбарт улсын төсвөөс зарцуулж буй төсөв буурахгүй байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахуйц хэмжээтэй төсвийн төлөвлөлт хийгдэж буй эсэхийг эргэж харах ёстой.

2016-2020 онд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ хэрээрээ хүртээмж өссөн. 

           

  “НЭН ТЭРГҮҮНД ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ БҮХ ТҮВШИНД ХАНГАХ НЬ ЧУХАЛ БАЙНА” 

-“Тэгш хамруулсан, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол олгох зорилт нь дан ганц төрийн, ганц салбарын ажил биш гэдгийг хаа хаанаа ярьж эхэлсэн. Тэгвэл олон нийт, эцэг эх ямар үүрэгтэй оролцож, хэрхэн хамтрах ёстой юм бол? 

-Нийгмийн бүх гишүүд өөрийн нийгмийг хөгжүүлэхэд тэгш оролцож, түүнийхээ үр шимийг хүртэж сайхан амьдрах, эрүүл орчинд төрөх, сайн боловсрол эзэмших ёстой. Энэ бол тогтвортой хөгжлийн үндсэн зарчим. 

Иргэн бүрийн хандлагыг өөрчлөх нь нэн тэргүүний алхам байх болов уу. Гэхдээ хүчээр төлөвлөж оролцуулдаг бус өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдлээрээ оролцдог соёлыг нутагшуулах нь чухал.

Энэ хичээлийн жилийн хамгийн гол онцлог, багш, салбарын ажиллагсад, эцэг эхчүүдэд хандаж хэлэх үг. 

Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нь энэ хичээлийн жилийн зорилго юм.

Нэн тэргүүнд хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг бүх түвшинд хангах нь чухал байна. Дижитал технологийг хичээл, сургалтын үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгон хөгжүүлэх нь бидний хамгийн гол сонголт боллоо. 

Цаашлаад хүүхдийг айдас түгшүүр, сэтгэл зовнил, стрессгүйгээр суралцах, хөгжихөд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Суралцагчийн бие даан ажиллах үйлийг дэмжсэн дасгал, даалгаврын сан бүрдүүлж үр дүнтэй ашиглах нь зүйтэй. 

Эцэст нь багшийн болон сургалтын орчны байгаа нөөцдөө тулгуурлан хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр ашгийг сайжруулахыг зөвлөж байна.

-Баярлалаа.