Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 05, 2022
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-гээс "Дархан бэр" энгэрийн тэмждэг үнэмлэх олгох тухай журам гаргасан байна.
Уг журамд тусгаснаар "Өвөг дээдсийнхээ уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үе хүүхэд багачуудынхаа залгамж чанарыг батагах, гэр бүлийн соёл хүжүүжил, уламжлалыг дээдлэн хөгжүүлэх" гэсэн үндэслэлээр батласан гэжээ.
Журамд анх бэр болж очсон айлдаа гурван хүү дараалан төрүүлж, удам угсааг залгамжлах гурван хүү төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн бол "Дархан бэр" хэмээн өргөмжилж, "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгоно гэжээ. Энэ нь хүйсийн тэгш эрхийг алдагдуулсан, ялгаварлан гадуурхсан үйлдэл болохыг сошиалд орчинд идэвхтэй шүүмжилж байна.
Эрэгтэй хүүхэд төрүүлсэн, үгүй гэж ялгаж цоллох нь хүний эрх, жендэрийн мэдрэмжгүй шагнал урамшуулал гаргаж буй явдал. Тухайлбал "Дархан бэр" тодруулах шаардлагад дараалан гурван хүү төрүүлэх, охин төрсөн бол тооцохгүй гэжээ.
"Дархан бэр"-ээр тодрох шаардлагад
✖ Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн. ✖ Бага хүү нь нэг нас хүрсэн байх ✖ Охин төрүүлсэн бол тооцохгүй ✖ Бусдаас үрчилж авсан хүүхэд хамаарахгүй |
Охин төрүүлсэн бол шагнахгүй, хүү дарааллан төрүүлсэн эхийг шагнана гэдэг нь хүйсээр ялгаварлан гадуурхсан явдал мөнөөс мөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасан "Хүнийг үндэс, угсаа, хэл...ХҮЙС, нийгмийн гарал, байдал... шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа юм.
Эх хүн адилхан зовж шаналж байж хоёр яс салдаг. Ингэж эх хүний 9 сар тээж, нойргүй хонон хөхүүлж өсгөсөн хүүхдийг хүйсээр нь ялгах нь хуучин цагийн уламжлал өнөөгийнхөөр жендэрийн хэвшмэл ойлголт байсаар байгаа нь харамсалтай.
Түүнчлэн дээрх шаардлагад "Бусдаас үрчилж авсан хүүхэд хамаарахгүй" хэмээжээ. Гэтэл Монгол Улсын Иргэний хуулиар өргөж авсан хүүхэд төрсөн хүүхэдтэй адил тэгш эрх эдэлдэг. Төрийн алба өөрөө хууль дээдлэх зарчмаа гээж "өргөж авсан хүүхдийг тооцохгүй гэдэг нь ямар учир вэ?
Энд мөн хэвшмэл ойлголтыг өөгшүүлэн дэмжсэн нэг заалт байгаа нь "Анх бэр орсон айлдаа гурван хүү төрүүлэх" гэжээ. Хүн салж ч болно өөр дахиад хэдэн ч хүнтэй суун салж нийлж болно. Хувь хүний өөрийн сонголтийг үл хайхарчээ.
Цогтцэций сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид хоцрогдсон сэтгэлгээгээр батласан журам, гаргасан шийдвэрээ эргэж харах биз ээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.