"Миний зөвлөгч" ӨЭМТ-ийн сувилагч Л.Эрдэнэцэцэг зөвлөж байна.

Халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,  өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэдэг. 

Хүүхдийг товлолт вакцин дархлаажуулалтад бүрэн хамруулахын ач холбогдол:

✔ Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах

✔ Халдварт өвчний тархалтыг хязгаарлах

Товлосон хугацаанд вакцин хийлгэснээр дархлаа тогтоц сайжирна

Халдвар авах эрсдлийг бууруулна

Халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт өндөр ач холбогдолтой.  

Манай улсад заавал хийгдэх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүйгээр явуулдаг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хийдэг байна. Заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг.

Сүрьеэ,

Халдварт саа,

Гепатит В,

Сахуу,

Хөхүүл ханиад,

Татран,

Хемопелиус инфлюенза,

Улаанбурхан,

Гахай хавдар,

Улаанууд зэрэг


Эцэг эхчүүд, та бүхэн хүүхдээ доорхи дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу үнэ төлбөргүй вакцинд хамруулснаар олон халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ насан туршид нь хамгаалах, бусдад өвчин тараахаас сэргийлэх өндөр ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг товлолт вакцинаас нь хоцроох, хамралт буурах байдал ихэсч байна.  

Хүүхдээ вакцинаас хоцроодог хэд хэдэн шалтгааныг 2018 онд “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаанаас харж болно. 

Тухайлбал, нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5 хувь нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, дэмждэг байсан бол 27.3 хувь нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэгээс, 13.7 хувь нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6 хувь нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ. 

Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.

Харин сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид-19-ийн дэгдэлттэй холбоотой, халдвар хамгааллын дэглэм, орчин, эмнэлгийн зохион байгуулалт, ажил төрлийн байдал, цаашлаад сэтгэл зүйн хүчин зүйлсүүд ч нөлөөлөн эцэг эхчүүд, хүүхдүүдээ дархлаажуулалтаас хоцроох, огт хамруулахгүй байх хандлага ихсэж байгаа нь буцаад өөрсдөдөө эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэл дагуулж байгааг ойлгох нь зүйтэй. 


ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Та хүүхдээ вакцины үед хэрхэн тайван байлгах вэ?

Юуны түрүүнд ээж, аав  та өөрөө гүнзгий амьсгалж тайван байх хэрэгтэй.  

Аав, ээж нь тайван байвал хүүхэд ч бас тайван байна.  Урьдчилан сэргийлэх тарилгын үед хүүхдэд өвдөлтийг аль болох бага мэдрүүлэхийн тулд сатааруулах, тоглох,  хөхөө хөхүүлж болно. 

Түүнчлэн тарилгын үед хүүхдийн анхаарлыг сарниулахын тулд зурагтай ном үзүүлэх, хөөсөн бөмбөлөг үлээх зэргийг хийж болно.


Яагаад аав, ээж нар вакцинд хамруулахад итгэлтэй байх ёстой вэ?  

Аав, ээж нар дархлаажуулалтын талаар олон таагүй зүйл сонссон байдаг. 

Магадгүй тэд интернэтээс, найз нөхдөөсөө, ойрын хүмүүсээсээ таагүй мэдээлэл авдаг байх. Дархлаажуулалт нь хүүхдэд аюулгүй, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа, баримт нотолж байгаа тул ээж, аав нар энэ талаар санаа зовох хэрэггүйг хэлмээр байна. 

Дархлаажуулалт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байгаад та эргэлзэх хэрэггүй.


Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?

Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. 

Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болно.

Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулснаар тэдний бие махбод халдвар үүсгэгчийг эсэргүүцэж, устгах чадвартай болдог. 


Хүүхдийг яагаад бага насанд нь вакцинд хамруулж дархлаажуулдаг вэ?

Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. 

Вакциныг товлосон хугацаанд хийснээр хүүхдийн биед дархлаа үүсэж өвчлөлөөс сэргийлнэ. 

Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүүхэд хүндрэх нөхцөл болдог.  


Вакцин хэр найдвартай вэ?

Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг.

Хүүхэд төрсөн цагаасаа олон тооны бактеритай  нүүр тулдаг тул вакцинд орж буй багахан хэмжээтэй бактери нь тэдгээрийн нэг хэсэг болдог тул хүүхдийн дархлааны тогтолцоог ачаалдаггүй юм. Иймээс вакцин нь хүүхдэд аюулгүй гэдэгт итгэж болно.

Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ?

Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой.

 Тухайлбал бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. 

Эдгээр бага зэргийн гаж нөлөө нь 12-24 цагийн дотор арилдаг, удаан хугацааны асуудал үүсэхгүй.

Вакциныг яагаад товлосон хугацаанд хийдэг вэ?

Вакциныг хүүхдэд хэзээ хийх вэ, хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байх вэ гэдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул тарилга болон дархлаажуулалтыг товлолын дагуу хийдэг.

Зарим улс оронд элбэг тохиолддог халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдэд тухайн орны орчин нөхцөлд нийцсэн товлолын дагуу урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулна. 

Ингэснээр нийтлэг тохиолддог халдваруудаас хүүхдийг хамгаалах боломжтой болдог.