Эцэг эхчүүдийн маргаан хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

peak.mn
12 сарын 06, 2021

Эцэг эхчүүд хааяа маргалддаг нь гайхах зүйл биш хэдий ч тэдний энэ үйлдэл нь хүүхдүүдэд янз бүрээр нөлөөлдөг байна.

Гэрт болж байгаа зүйл хүүхдийн хөгжил хийгээд түүний сэтгэцийн эрүүл мэндэд удаан хугацааны нөлөө үзүүлдэг байна. Үүнд зөвхөн эцэг эх болон хүүхэд хоорондын харилцан ойлголцол чухал биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Эцэг эхчүүд хоорондоо яаж харьцаж байгаа нь хүүхдийн сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тэдний сэтгэцийн эрүүл мэнд, сурлагын амжилт хийгээд цаашдын харилцаа зэрэг амьдралынх нь бүхий л хүрээнд нөлөөлөх магадлалтай юм.
 
6 сартайгаас эхлэн гэр бүлийн хэрүүл маргаанд хүүхдийн зүрхний цохилт хурдасч, стрессийн даавар боловсордог байж магадгүй болохыг Их Британид болон бусад улсад явуулсан олон жилийн судалгааны дүн харуулсан байна.  Уг судалгааг хүүхдийн өсч томрох үеийн зан байдалд урт хугацааны ажиглалт явуулсны үндсэн дээр хийжээ.

Тархины хөгжлийн эмгэг, нойрны эмгэг, тайван бус байх, сэтгэл санааны гүн хямралд орох болон бусад шинж тэмдгүүд нь гэр бүлийн байнгын хэрүүл маргаантай нөхцөлд амьдардаг янз бүрийн насны хүүхдүүдэд илрэх боломжтой.

Байнгын ийм нөхцөл байдалд амьдардаг хүүхдүүдэд иймэрхүү шинж тэмдгүүд ажиглагддаг бол хоорондын асуудлаа шийдэж, тохиролцож чаддаг эцэг эхчүүдийн хүүхдүүд иймэрхүү асуудалд бага өртдөг эсвэл бүр өртдөггүй байна.
 
Эцэг эхчүүд салах эсвэл тусдаа амьдрах шийдвэр гаргах нь ихэнх хүүхдэд тун хортой нөлөө үзүүлдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд шууд салалт бус гэр бүлийн хэрүүл маргаан хүүхдэд илүү нөлөө үзүүлдэг гэж сэтгэл зүйчид үзэж байна.  

Түүнчлэн өмнө нь сэтгэл зүйчид гэр бүлийн хэрүүл маргаанд хүүхдийн үзүүлэх хариу үйлдэлд удамшил гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байжээ. Тайван бус байх, сэтгэл санааны гүн хямралд орох болон сэтгэцийн өөрчлөлтөд орох зэрэг хариу үйлдэлд удамшил гол үүрэгтэй нь үнэн хэдий ч гэр бүлийн орчин, хүмүүжил маш чухал юм.  
 
Сэтгэцийн өвчинд өртөмтгий байх төрөлхийн чанар нь даамжрах уу, сайжрах уу гэдэг нь гэр бүлийн орчноос хамаарна гэж үзэх хандлага хүүхдийн сэтгэл судлаачдын дунд илүү байгаа аж. Эндээс эцэг эхчүүд хамтдаа амьдарч байна уу, тусдаа амьдарч байна уу гэдгээс үл хамааран тэдний харилцаа нь гол үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болох юм.



Холбоотой сэдвүүд

хүүхэд эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.