Эрдэмтдийн тооцсоноор дэлхий дээр нийтдээ 3,7 тэрбум га газрыг бэлчээрийн зориулалтаар ашигладаг ажээ. 3,7 тэрбум га бэлчээрийн газар 306-330 тэрбум тонн нүүрстөрөгчийг органик хэлбэрээр, 470-550 тэрбум тонн нүүрстөрөгчийг органик бус хэлбэрээр хадгалж байгаа нь дэлхийн хуурай газрын ургамал, ургамлын үндэс, хөрсөнд шингэн хадгалагдаж байдаг нүүрстөрөгчийн 20-25%-ийг эзэлж байна. Эрүүл соргог бэлчээр жилдээ 1.0 тэрбум тонн орчим хүлэмжийн хий буюу СО2-ыг шингээх чадвартай. Бэлчээрийн газрын хүлэмжийн хийг шингээх, хадгалах чадварыг далайтай зүйрлэж болно гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.


Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээ шаардах боллоо.

Жишээ нь, Европын холбоо гаднаас импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүний байгаль орчны нөлөөллийн зэрэглэлийг тогтоох, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг хуульчилж эхэлсэн байна. Хамгийн түгээмэл шалгуур үзүүлэлтүүдэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалт, цөлжилт, биологийн төрөл зүйлийн хомсдол, мал, амьтны эрх ашгийг зөрчсөн эсэхийг оруулсан байна. Экспортыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа Монгол улс маань энэ шинэ нөхцөл байдалд хэр бэлэн байна вэ? Ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад худалдан авагч талууд байгаль орчны нөлөөллийн тайлан “impact report” шаардаж байна.

НҮБ-ын Засгийн Газар Хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн панел хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй дэлхийн уур амьсгалыг дулаарлын гол хүчин зүйл болох хүлэмжийн хий ялгарлын 30%-ийг гаргаж байгаа, мөн цэнгэг усны бохирдлын 70%, биологийн төрөл зүйлийн хомсдолын 60% нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хариуцлагагүй эрхэлж байгаагаас үүдэлтэй гэжээ.

Дэлхийн Банкнаас гаргасан нэгэн тайланд байгалийн бэлчээрийн талбайн хэмжээгээрээ Монгол дэлхийд тэргүүлнэ гэсэн байсан.

Монгол Улс газар нутгийнхаа 71.2% хувь буюу 110.0 сая га газрыг бэлчээрийн зориулалтаар ашигладаг. 

Ойт хээр, уулын хээр, хээр, хуурай хээр, цөлийн хээр зонхилсон манай бэлчээрийн экосистемийн ургамал, ургамлын үндэс, хөрс нь олон улсын эрдэмтдийн тогтоосон дундаж нормоор бодож үзэхэд эрүүл соргог үедээ 440,0 сая тонн хүлэмжийн хийг агаар мандлаас шингээж авдаг байна. 

Байгаль дахь нүүрстөрөгчийн эргэлт, түүний  тогтвортой байдлыг хадгалахад бэлчээрийн экосистемийн хэвийн үйл ажиллагаа, оролцоо их чухал үүрэгтэй. 

Бүтээмж өндөртэй эрүүл соргог бэлчээр хөрсөндөө нөөцөлсөн нүүрстөрөгчийг тогтвортой хадгалахын зэрэгцээ агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг навчаараа шингээж авна. 

Харин талхигдаж доройтсон бэлчээрийн ногоон ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, ургамал хоорондын халцгай газар тэлдэг ба ийм бэлчээр агаар мандлаас хүлэмжийн хий шингээх чадвараа алдахаас гадна хөрсөнд нь нөөцлөгдсөн нүүрстөрөгч аажмаар агаар мандалд ялгарч алдагддаг.

Цөлжилт, бэлчээрийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд хамгийн олон цэгээр, хамгийн өндөр нарийвчлалтайгаар хянаж байгаа систем бол Газрын харилцаа геодез зураг зүйн газрын үндэсний фотомониторингийн систем юм. 


130 000 гаруй малчин өрхийн дөрвөн улирлын бэлчээр тус бүр дээр байрлуулсан 5700 орчим зогсоол цэг дээрээс нэг аргачлалаар, нэг цаг хугацаанд мэдээлэл авч, тусгай програмаар боловсруулан тухайн малчны бэлчээр ашиглалтын хэсгийн аль улирлын бэлчээрт ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгаа, халцгай газрын хэмжээ буюу ургамал хоорондын зай тэлсэн эсэх, мөн ургацыг жил бүр гаргаж тайлагнадаг. Энэ системийг үүсгэн хөгжүүлэхэд маш олон жилийн уйгагүй хөдөлмөр орсон. 

Эдгээр  5700 цэгийг сонгохдоо тухайн малчны, тухайн улирлын бэлчээрийн талбайн шинж тэмдгүүдийг хамгийн сайн төлөөлж чадах цэгийг сонгох маш их хугацаа шаардсан нүсэр ажил болж олон эрдэмтэд, судлаачид, газрын мэргэжилтнүүдийн зүтгэлээр бий болсон юм.

Энэ системийг бий болгон хөгжүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг малчны хотонд судалсан 18 гаруй жилийн туршлага, ажиглалт, Монголтой ижил төстэй бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг улс орнуудын сайн туршлагууд, мөн малчдын өөрсдийн бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг ажигладаг уламжлалт арга ухаан, мэдлэгийг харгалзан үзэх гэхчлэн олон жилийн уйгагүй зүтгэлийн үр дүнд биеллээ олсон.

Эдгээр 5700 цэг нийт 110,0 сая бэлчээрийн талбайн 94,0 сая га талбайг хамарч байгаа бэлчээрийн төлөв байдал нь ашиглалтын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан анхны тайланг 2021 онд Газрын харилцаа геодез зураг зүйн газраас гаргасан байдаг. Уг тайланд үндэсний хэмжээнд эрүүл бэлчээрийн талбай 40,0 гаруй сая га, 20,0 сая га бэлчээрийн газрын доройтол харьцангуй тогтворжиж, зарим нь сэргэж байгаа, үлдсэн 29 сая бэлчээр хүчтэй, нэн хүчтэй доройтсон гэсэн дүн гарчээ.

Энэ тайлангаас үзэхэд доройтол нь тогтворжиж, сэргэж байгаа 20,0 сая бэлчээр, хүчтэй доройтож, цөлжиж байгаа 29,0 сая бэлчээр нутаг хүлэмжийн хийг агаар мандлаас шингээж авах чадвараа алдаж байж мэдэх юм. 

Магадгүй хүчтэй доройтсон талбайн ургамал устаж, хөрсийг барьж байдаг үндэс нь бас дагаад устсан бол салхи, усны эвдрэлээс гуу жалга үүсэн хөрсний доор хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхарга ил гарч, агаар мандалд цацагдаж эхэлсэн байж болох юм. 

Энэ бол нухацтай авч үзэх ноцтой асуудал.

Ургамлын агаар мандлаас шингээж авсан нүүрстөрөгч нь үндсээр дамжин хөрсөнд эрдэсэжсэн хэлбэрээр хуримтлагдаж, хэдэн зуун мянган жилийн турш газрын гүнд бүхэл бүтэн нэг давхарга үүсгэсэн байдаг. Хөрсний өнгөн хэсэг дээрх ургамлын нөмрөг алга болж, үндэс нь устаж, хөрсийг нь барьж тогтоож чадахгүй болсноос ус, салхины эвдрэлээр гуу жалга үүсэж, газрын гүнд хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхарга ил гаран ус, салхиар агаар мандалд цацагдах аюултай.

Түүнчлэн нэг га хээрийн бэлчээр жилд 2.2-4.4 тонн хүлэмжийн хийг агаар мандлаас шингээж авдаг гэж үзвэл аль хэдийн 29,0 сая га талхигдаж цөлжсөн бэлчээрийн шингээж авах байсан 96,0 сая тонн хүлэмжийн хий агаар мандалд үлдсэн байж болох билээ.

Бэлчээрийн төлөв байдлын ашиглалтын нөлөөний зураглал 2021 он

 

Энэхүү бэлчээрийн ашиглалтын нөлөөг үнэлэх зураглалыг бүс нутаг аймгаар бас гаргана. 

Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл дээр ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүн, ноолуурын байгаль орчны ул мөр (environmental footprint), тэр дундаа хүлэмжийн хийн ул мөр (carbon footprint)-ийн мэдээллийг ил тод болгох, тайлан гаргаж ирүүлэхийг шаардаж эхэлсэн. 

Бидний дэмждэг цөөн хэдэн малчдын хоршооноос олон улсын зах зээл дээр гаргасан сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуурыг эрүүл бэлчээртэй малчдаас нийлүүлсэн, байгаль орчин, нүүрстөрөгчийн ул мөр “0” гэдгийг баталгаажуулах гэж их л зүйл болсон. 

Цаашдаа энэ чиглэлээр, ялангуяа хэрэглэгчдийн шаардах мэдээлэл илүү нарийн болж байгаа учраас том үйлдвэрүүдээ хамгаалъя гэвэл улс орноороо л хамтран ажиллаж байж “хар жагсаалт”-д орохоос сэргийлж чадна. Бэлчээрийн төлөв байдлын доройтол энэ чигээрээ нэмэгдээд байвал Монголын ноолууран бүтээгдэхүүн “хар жагсаалт”-д орох магадлал өндөртэй. Тэгвэл малчдын жилийн орлогоо бүрдүүлдэг ганц эх үүсвэр ноолуурыг худалдан авалт буурна дагаад үнэ буурна. 

Хамгийн сайн бэлчээртэй гэгддэг, бас ноолуурын чанар нь гайгүй гэгддэг ойт хээрийн бэлчээр зонхилдог Архангай, хээрийн бэлчээр зонхилдог Хэнтий аймгийн бэлчээрийн төлөв байдал тийм ч сайнгүй гарчээ. Энэ янзаараа үргэлжилбэл байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн утгаар энэ аймгуудын ноолуурын үнэ цэнэ буурна. Зарим нэг гадаадын худалдан авагчид бэлчээр нь доройтсон гэдэг утгаар Баянхонгор аймгийн ноолуураас аль хэдийнээ татгалзаад эхэлчихсэн нь нууц биш.

Архангай аймгийн бэлчээрийн төлөв байдал 2021 он


Хэнтий аймгийн бэлчээрийн төлөв байдал 2021 он

Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн шингээх, хуримтлуулах, хадгалахын чухлыг ярих гэхээр хаа сайгүй, ялангуяа уур амьсгалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг яамд, мэргэжлийн байгууллагууд, төслүүд, мэргэжилтнүүд нэг л хайхрамжгүй хандаад байдаг юм.

Гэтэл саяхан нэг чухал баримт бичиг болох Уур амьсгалын Парисын хэлэлцээрт оролцогчийн хувиар Монгол улсын хүлэмжийн хийг бууруулахад оруулах хувь нэмэр буюу Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (National Determined Contribution)-ийг үзлээ. Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 11 дүгээр сард 407 тоот тогтоолоороо баталсан энэ баримт бичигт бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийг шингээх, ялгаруулах үр нөлөөний (rangeland ecosystem emissions or sequastration) тухай бүр юу ч байхгүй, зөвхөн малын тоог цөөрүүлж, метаны хийг бууруулна гэсэн тодорхой бус нэг өгүүлбэр оруулаад хаясан байдаг юм байна. 

Гэтэл бусад орон, жишээ нь, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Чили, Аргентин, Айсланд, манай урьд хөрш бэлчээрийн газрын хүлэмжийн хийг тооцоолоод бүр нэмэгдүүлсэн хэмжээгээрээ дэлхийд өрсөлдөж, зах зээл дээр худалдаад эхэлсэн байх юм. 


Хажуугийн урд хөрш маань мал аж ахуй, газар тариалангийн салбар дахь хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг нарийн тооцоолдог болоод удаж байна. Айсланд газар нутгийн хувьд Монголтой их ойролцоо, галт уулын их эмзэг элэгдэлд амархан өртдөг хөрстэй гэж ярьдаг. Нутгийн ихэнх нь халуун рашаан, галт уул болох энэ жижигхэн аралдаа нэг хэсэг хонины аж ахуй эрхлэн бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж, доройтуулж байсан үйл ажиллагаагаа хурдан засаж, хонины тоогоо цөөлж, тэр бүү хэл, нэгж талбайг нөхөн сэргээж, нэмэгдүүлсэн хүлэмжийн хийн шингээлтээ Европын холбоонд зарж, орлого олдог болжээ.

Хэрвээ энэ баримт бичгийг боловсруулж байхдаа ядаж л манай бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийг шингээх, хадгалах, нөөцлөх, ялгаруулах чиглэлээр судалгааны ажлууд эхлүүлсэн бол одоо арга хэмжээ авч, хэрэгжүүлээд явах боломж бүрдэх байж. Мэдэхгүйгээ мэдэхгүй байна гэдэг их зовлонтой хэрэг юм байна.

Манай улс хүлэмжийн хийг бууруулах талаар урьд нь тавьсан зорилтоо (2030 он хүртэл 14,7% гэсэн байдаг) 22.7% болгон бүр ахиулсан байдаг юм байна.

Монголын 110 сая га бэлчээр бол хамгийн том хүлэмжийн хий шингээдэг /синк/, бас хөрсний гүндээ асар их нүүрстөрөгчийг зоорилон хадгалж, агаар мандалд дэгдэхээс хамгаалж байдаг. Гэтэл яагаад энэ талаар бараг ярьдаггүй юм бол? Үүнээс илүү чухал зүйл энэ чиглэлийн бодлого гаргаж хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд эрх мэдэлтэй хүмүүст байгаа гэж үү? Байгаль дахь энерги, бодисын эргэлтийн суурь бол ногоон ургамал.

Монголын хувьд ногоон ургамлын суурь нь нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг тал хээрийн экосистемд ургадаг 1000 гаруй төрөл зүйлийн үетэн өвс ургамал. 

Доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь зөвхөн ачааллыг нь багасгаад амраавал нэг ч хөрөнгө мөнгө үрэхгүйгээр байгалийн аясаараа өөрөө сэргэн төлжих чадвартай гээд судалгаа гаргаад туршилт хийгээд баталсан үр дүнгүүд бэлээхэн байна. Харин эсрэгээрээ, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж, доройтуулбал бэлчээр маань хүлэмжийн хий шингээгч бус, харин ялгаруулагч болж хувирах эрсдэлтэй. Монголын бэлчээр хүлэмжийн хийн шингээлт, хадгалалтын тэнцвэрийг барихын хувьд бидэнд яг л Бразилын Амазоны ширэнгэн ой Бразилчуудын хувьд ямар их ач холбогдолтой байдагтай агаар нэгэн. 

Бид нэн ялангуяа төрийн бодлого боловсруулдаг түшээд, мэргэжлийн байгууллагууд, засгийн газар, холбогдох яам, агентлагуудын мэргэжилтнүүд иргэд бид ч ялгаагүй хамгийн үнэ цэнтэй зүйлээ үнэгүйдүүлж, үл хайхран орхиж, санаатай, санамсаргүйгээр нүдэн балай байдгаа больж цаг алдалгүй далайцтай арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсье.