Их Британийн засгийн газраас 18-аас доош насны охидод гоо сайхны мэс ажилбар хийхийг хуулиар хоригложээ.

Насны хязгаар тогтоосон нь өсвөр насны охидын дунд гоо сайхны ажилбар хийлгэх нь эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрт хөх томруулах, лазераар биеийн үс ургалтыг зогсоох, уруул томруулах, ботокс тариулах, силкон шахуулах, хамар засах зэрэг мэс ажилбар багтжээ.

Мөн гоо сайхны мэс засалтай холбоотой зар сурталчилгаа, видео тоглоом зэрэг нь өсвөр насны охидыг гадаад төрхөө өөрчлөхөд нөлөөлж байна гэж үзэж гоо сайхны мэс заслын зар сурталчилгаанд ч хориг тавихаа мэдэгджээ. 

Тухайлбал, өөх соруулах, галбиржуулах мэс заслын зар сурталчилгааг өдрийн цагаар зурагтаар гаргахыг хориглоод байгаа юм. Энэ нь бага насны хүүхдүүдэд гоо сайхны мэс заслыг сурталчилсан агуулгыг үзүүлэхгүй байх зохицуулалтын нэг хэсэг юм.

Дэлхийн зарим улс орнууд ч өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг үр нөлөөг нь тооцож, гоо сайхны мэс ажилбарт насны хязгаарлалт тавиад байна. 

Тухайлбал, Тайван улс 2014 онд 18-аас доош насны хүүхдүүд эрүүл мэндийн шалтгаантай бус гоо сайхны мэс засалд орохыг хориглосон. Хэрэв эмч нар энэхүү хуулийг зөрчвөл 500 мянга хүртэлх тайван доллараар торгож, ажиллах эрхийг нь нэг жил хасах зохицуулалт хийжээ.

Австрали, Нидерланд улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын тушаалаар гоо сайхны мэс заслын үйл ажиллагаанд хяналт тавьж, насны хязгаар тогтоосон байдаг.


Эх сурвалж: Independent