Коронавируст цар тахал, нас баралт эрчимтэй нэмэгдсээр байгаа тул Москва хотын эрх баригчид 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд хөл хорио тогтоохоор болсныг мэдэгдлээ. 

Москва хотын захиргаа Пүрэв гарагт бүх сургууль, үйлчилгээний байгууллагууд, онц шаардлагагүй дэлгүүрүүдийн ажиллагааг хоёр долоо хоногийн турш зогсоох шийдвэрийг зарласан байна. 

Хотын дарга Собянин цахим ертөнцөд нийтэлсэн мэдэгдэлдээ “Москва хотын нөхцөл байдал хэзээ ч ийм муу байсангүй. Ойрын өдрүүдэд Ковид-19-ийн өвчлөл, эндэгдэл түүхэн оргилд хүрэх нь" хэмээн дурджээ.

Энэ хугацаанд худалдааны төв, кино театр, амьтны хүрээлэн, биеийн тамирын заал, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсооно. Зоогийн газрууд зөвхөн авч явах эсвэл хүргэлтээр үйлчлэх боломжтой. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амрааж, их дээд сургууль зайнаас үйл ажиллагаагаа явуулах юм.

"Ажлын бус өдрүүд нь Ковид-19-ийн өвчлөл, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдварын гинжин хэлхээг богино хугацаанд таслах боломж" гэж хотын дарга Собянин оршин суугчдад уриалж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ даяар 1,038 хүн нас барж, 36,339 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хоёул цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.


Эх сурвалж: Russia Today