Х.Оргил
03 сарын 29, 2021
“Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ нь олон нийтээс санал авах зорилгоор төслийн болон судалгааны ажлын хэлэлцүүлгийг 7 хоног бүр тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Азийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2019 онд батлагдсан үндсэн хууль"-ийн нэмэлт, өөрчлөлт, 2020 онд шинэчлэгдэн батлагдсан "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д нийцүүлэн боловсруулсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнгөрөгч 7 хоногийн баасан гараг буюу 2021.03.26-ний өдөр 10:00-12:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт хуульчид, судлаачид, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэд зэрэг нийт 60 гаруй байгууллагын төлөөлөл цахимаар шууд оролцсон бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, ажлын хэсгйн ахлагч Р.Дагва хэлэлцүүлгийг нээн үг хэлж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулсан юм.
Тус хэлэлцүүлэгт:
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Соёл-Эрдэнэ
Хууль зүй, дотоод хэргийн яамны ЗХХАХБХ-ийн ахлах шинжээч Э.Сэлэнгэ, Н.Цолмон, Б.Солонго
Нийслэлийн Шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Урьболд
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Х.Мөнхнаран
Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Хот төлөвлөлтийн стандартын мэргэжилтэн Б.Биндэръяа
Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Сургалт, судалгааны мэргэжилтэн Б.Янжинбилэг
СБД-ийн ИТХ-ын Дарга Б.Энхболд болон бусад иргэдийн төлөөлөл нийт 65 хүн оролцож, иргэд албан тушаалтнуудын төлөөлөл хуулийн шинэчилсэн найруулгад дараах саналыг өглөө.
Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе.
"Мандах" их сургуулийн багш С.Цолмон:
Хуулийн төсөлд хүн төвтэй нийслэл хотыг бий болгоё гэж байна. Энэ зорилтын хэрэгжилт шат шатны нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг чадвар хандлагаас ихээхэн хамаарах учраас нийслэлийн чиг үүрэгт төрийн албан хаагчдаа чадавхжуулах чиг үүргийг оруулах санал тавьж байна.
Дүүргүүдийг хооронд нь, хороодыг хооронд нь адилтган үзэж ирсэн дүүрэг хорооны бүтэц, орон тоог шийдэхдээ хүн амын тоог харгалздаггүй учраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэнээр энэ байдал өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн бол НЭЗБТХ-д бүтэц орон тоо, хүн амтай нь дүйцүүлж батлах гэж тусгах хэрэгтэй юу?
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар нийслэлийн, дүүргийн төсвийн эх үүсвэр нэмэгдэж байгаа, хорооны үйл ажиллагааны зардлыг төсөвт тусгайлан тусгадаг болж байгаа гэж ойлгосон Үүнтэй холбоотойгоор шат шатны төсвийн зарцуулалтын шийдвэрт иргэдийн оролцох эрх болон, тэд хэрхэн оролцож болох талаар тусгаж өгөх үү?
Хороо хэсгийн зохион байгуулалттай байна гэж тусгасан нь ямар ач холбогдолтой вэ? Ингэснээр хэсгийн ахлагч нарын статус өөрчлөгдөх үү? Иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд нааштай өөрчлөлт гарах уу?
New Urbanism ХХК гүйцэтгэх захирал З.Туяа:
Хуулийг уншиж үзэхэд нийслэл, нийслэл хот гэж хоёр нэр томьёо байна. Нийслэл, нийслэл хот гэдэг хоёр ойлголтын хооронд орон зайн ялгаа байгаа. Яагаад гэвэл нийслэл гэдэг нь 470 мянган га газрын асуудал яригдаж байдаг. Нийслэл Улаанбаатар хот бол өөрөө 30 мянган га газрын асуудлыг ярьж байгаа. Улаанбаатар хот бол дүүрэг, хороо, хэсэгт хуваагдах том хот Налайх, Багануур, Багахангай өөр дээрээ хэсгүүдтэй боловч дүүрэг гэсэн статустай. Өлзийт, Хонхор гэх мэтчилэн жижиг жижиг суурьшлын бүс нь өөрөө хорооны түвшинд байж болох хотхонууд үүсээд байна. Тэгэхээр энэ Нийслэл гэдэг 470 мянган га дээр хот гэдэг статустай жижиг хэлбэрүүд гарч ирж байна. Үүнтэй холбогдуулж НЭЗБТ-ыг шинэчлэхгүй юу? Яагаад гэвэл хөдөөгийн аж ахуй гэж тусдаа байна, мал аж ахуйн бүс гэж тусдаа байна, хүн ам ихээр төвлөрсөн газрын зохицуулалт өөрөөр явагдана. Үүнийгээ дагаад барилгын төлөвлөлт ч өөрөөр хийгдэх учиртай.
Тиймээс эдгээрийг ялгаж гаргасан ангилал хэрэгтэй. Энэ хуульд нийслэл, нийслэл хот, нийслэлийн удирдлага, хотын удирдлага гэсэн хооронд зөрүүтэй нэр томьёонууд оржжлсан байна. Цаашдаа энэ нь суурь олон асуудлыг бий болгож болзошгүй харагдаж байгаа тул анхаараараа гэж санал хэлж байна.
Бүсчлэлийн асуудлыг оруулж ирсэн байна. Хотын бүсчлэлийг нийслэлийн засаг дарга сольж болно гэсэн байна. Тэгвэл бүс нь өөрөө 2 өөр асуудал. Хотын хилийг заасан нутаг суурингуудаа хуваасан хил, нөгөө нь хот дотроо өөрийг нь функцийн ашиглалтаар нь хуваасан бүс гэж байгаа. Функцийн бүсүүд нь хот төлөвлөлттэй холбоотой байдаг. Нөгөөх нь засаг захиргааны засаглалын асуудалтай холбоотой. Үүнийг хооронд нь ялгах хэрэгтэй байгаа учраас газрын ашиглалтыг зохион байгуулах хот байгуулалтын хуультай зөрчилдөөн үүсэж эхэлнэ. Нийслэлд хөдөөгийн эдийн засгийн асуудал гарч ирнэ.
Эрх зүйн байдлын хууль. Тиймээс эрхээ сайн оруулаад, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот суурин газруудыг сайн ангилж, тодорхойлж өгвөл зүгээр юм болов уу. Харин нийслэл дэх хот суурин газрууд нь аж ахуйгаа өөрсдөө аваад явах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өөр өөрсдийн ИТХ-аар баталсан дүрмээр зохицуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгч С.Баярмагнай:
3.4 дээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах таатай орчныг хангах зорилгоор нийслэлийн барилгын хэсэг нийтийн эдэлбэрийн газар, дахин төлөвлөх байгууллага, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газар дахин төлөвлөхтэй холбогдсон харилцааг хот суурин газрын дахин төлөвлөх хуулиар зохицуулна гэсэн байна. Энэ заалт дээр зөвхөн иргэдийн аюулгүй таатай амьдрах орчин эрхийг хангах зорилгоор гэсэн мөртлөө барилгатай холбоотой асуудлууд байгаад байна. Гэхдээ барилгын шинэ технологитой холбоотой асуудлыг нарийвчлан оруулаагүй санагдаж байна. Газаар гэр хорооллыг халаах гэх мэт шинэ технологийг нэвтрүүлэх, шинэ шийдлүүд дээр дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлыг хуульд тусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хууль өөрөө нэр төдий хууль болж хувирах аюултай. Ипотекийн зээлийг гэр хороолол руу өгөх гэх мэт асуудлыг анхаарч оруулах шаардлагатай гэсэн санал хэлэв.
3-р бүлэг нийслэлийн хөгжлийн бодлого дээр 7.1.1 дээрх заалт бас л тодорхойгүй байна. Монгол улсын хүн амын 60% нь нийслэлд амьдарч байна. Хувийн аж ахуйн нэгж эрхэлж буй иргэдийг дэмжих зорилгоор бизнесүүдийг хаадаг, торгодог асуудлыг больж шинэ бүтэц рүү ормоор байна. Жишээ нь: Тэр байгууллагыг эхний 1 жил хаахгүй зөвлөгөө өгдөг болохгүй бол торгодог туслалцаа үзүүлдэг байх асуудлыг тусгах хэрэгтэй.
9.6 нийслэлийн томоохон төсөл хөтөлбөрийг үнэт цаас гаргах замаар санхүүжүүлэх бөгөөд үүнтэй холбоотой харилцааг өрийн удирдлагын хуулиар зохицуулна гэсэн заалт дээр зөвхөн үнэт цаас гаргах замаар санхүүжүүлнэ гэж заасан нь учир дутагдалтай. Том хотуудын жишээг харах хэрэгтэй. Үнэт цааснаас өөр олон санхүүжүүлэх боломж байгаа учир заавал үнэт цаас гаргахгүйгээр нээлттэйгээр орхисон нь дээр болов уу.
Нийслэлийн тээвэртэй холбоотой асуудал байна. Тээврийн үед зорчигчийн амь нас эрүүл мэнд болон ачаанд аюул учруулахгүй байх нөхцөлийг хангаж гэж багаа нь асуудалтай байна. Өөр заалтан дээр тээвэрлэгч нь жолооны үнэмлэхтэй байна гэсэн заалт байна. Үүн дээр даатгалын системийг нэмж оруулах шаардлагатай. Өмнөх хуулиар жолоочийн хариуцлагын даатгал гэж заасан байгаа нь нэр төдий байна. Эрсдэлийг хүлээж чадахгүй байна.
Хуульч Д.Оросоо:
Миний бие өмнө нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр үед нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэх, олон улсын туршлагатай хотуудын туршлага судалж нийслэл хотоо хөгжүүлэх тал дээр нэлээд судалгаа хийж байсан. Энэ удаагийн төслийг харахад эдийн засгийн харилцаа руу илүү түлхүү зохицуулалт хийж өгч байгаа нь энэ төслийн давуу тал байна. Энэ байдлаараа зохицуулалтаа эдийн засаг, бизнес талруу нь чиглүүлэх юм бол Улаанбаатар хот хөгжил баталгаат нөхцөл нь бүрдэх давуу талтай. Нэг зарчим суулгах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь хотын уламжлалт захиргааны удирдлага байгаа. Энэ захиргааны удирдлагаар нийслэл хотыг хөгжүүлэх ямар ч боломжгүй нь өнгөрсөн хугацааны гол туршлага болсон. Нэг талаасаа захиргааны байдлаар хандаад байх нь болохгүй байна. Сингапурын туршлагаас үзэхэд хотыг захиргааны арга барилаар удирдах нь хоцрогдсон арга. Хот гэдэг бол цэвэр бизнесийн хамтын ажиллагаа байдаг. Ажил хэргийн зарчмаар хот ажиллах ёстой. Бизнес эрхлэгчидтэй тулаад гэрээгээ байгуулаад боломжийг нь олгоод явдаг байх ёстой. Захиргаа, төр гэдэг байдлаар асуудалд хандвал хот зоригтой ажиллаж чадахгүй байдалд ордог. Хуульд хотын удирдлага бусдад давуу байдал олговол гэмт хэрэгт тооцогдож байна. Өнгөрсөн хугацаанд олон хотын удирдлагууд гэрээ хийсэн гэж шалгагддаг. Тэгэхээр зоригтой гэрээ хийж чаддаг хүн байдаггүй. Тэгэхээр нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн дагуу хотын удирдлага цэвэр зах зээлийн зарчмаар, бизнесийн хамтын зарчмаар ажиллах хууль зүйн баталгааг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Хууль тогтоомжийн тухай хуульд шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа тохиолдолд өмнөх хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байж дараагийн шинэ төсөл дээр нэмэлт өөрчлөлт оруулдаг. Өмнөх хуулийн хэрэгжилтийг судлаад үзвэл эдийн засгийн тал дээр чөлөөтэй ажиллах орчин нөөц бүрдээгүй байсан нь харагддаг. Өмнөх хууль дээр үнэлгээний судалгаа хийгдсэн байгаа байх. Дутуу хийгдсэн байгаа бол сайжруулаад хуулийн төсөл УИХ-аар орох үед өмнөх хуулийн хэрэгжилтийн судалгаа байна уу, судалгааны үр дүн яригддаг. Энэхүү судалгаа дутуу бол хуулийн төсөл буцаагддаг. НЭЗБТухай хуулийн зорилго эрх зүйн асуудалтай холбоотой харилцааг зохицуулна гэсэн байдаг. Эдийн засагтай холбоотой асуудлыг хуулийн зорилго зарчим дээрээ оруулах байдлаар томьёоллоо оруулах хэрэгтэй.
УБ Хотыг хөгжлийг дэмжих шинэ тосгон ТББ. Хяналтын ажилтан Г.Батчимэг:
Нийслэл нь чөлөөт бүстэй байна гэж заасан байна. Өмнөх хуулиудад энэ заалт байсан уу? Хэрвээ чөлөөт бүс байгуулахаар бол хаана байгуулахыг зорьж байгаа вэ?
Нийслэлийн өмчит ашгийн төлөө байгууллага нь хөрөнгө оруулалт өөртөө татаж болно гэсэн байна. Яг одоо нийслэлийн өмчит ашгийн төлөө байгууллага гэж ямар ямар байгууллага байдаг вэ? Тэд нар нь өөрсдөө гаднаас нээлттэйгээр хөрөнгө оруулалт татсан жишээ байна уу?
Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд:
Эрсдэлтэй маш олон заалт байна хот өөрөө эдийн засгийн хувьд бэхжих асуудал маш чухал. Монгол улсын төсөв нэгдсэн байна. Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь хотод амьдарч байгаа энэ үед томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэхээр төсөв мөнгөний асуудал их тулгамддаг. Улсын төсөв татаж авдаг хэмжээ нь ч их. Энэ нь хэмжээ нь ч дүүргүүд дээр нөлөөллөө өгдөг. Жишээ нь Сүхбаатар дүүрэг 48 тэрбум төгрөг энэ жил төвлөрүүлэх ёстой.
Үндсэн хуульд нийцүүлээд их хурлаас гаргасан хот тосгоны захирагчийг сонгох журмыг Налайх, Багануур дүүрэг дээр иргэдээр нь батлуулаад захирагчийг нь иргэдээр нь сонгуулаад явдаг тогтолцоо байна. Энэ тогтолцоог одоо хүртэл Үндсэн хуульд байгаа гэж ойлгоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол Засаг дарга бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн төлөөлөл, захирагч гэдэг нь иргэдээс сонгогдоно. Хэрэгжүүлэхэд төвөгтэй тогтолцоо. Иргэдийн ганц хүсдэг зүйл нь хотын захирагчаа өөрсдөө сонгох юм. Иргэд өөрсдөө хотын дүрмээ баталмаар байна . Тэгэхээр нутгийн өөрөө удирдах байгууллагын олон улсын зарчимд хамгийн анхан шатанд иргэдэд эрхийг нь өгөх. Иргэдрүү чиглэсэн, иргэдэд эрхийг нь өгсөн заалт энэ хуулинд ганц хоср заалт дээр л хальт харагдаж байна.
Хуульч Б.Дэлгэрмаа:
НЭЗБТХуулийн төслийг боловсруулах судалгааны ажлын хүрээнд олон улсын харьцуулсан судалгааг ямар ямар орны хуулиудаас судалсан бол? Аль чиглэлийг барьсан зохицуулалтуудыг оруулах чиглэл баримталсан бэ?
Хэчнээн дагалдах хуулийн төслүүд боловсруулагдсан байгаа вэ?
Хот байгуулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хуульч байна. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсан. Хот төлөвлөлттэй зайлшгүй холбогдох учраас хуулийн зарим зүйл заалтыг хот байгуулалтын тухай хуультай уялдуулах хэрэгтэй. Жишээ нь хот байгуулалтын тухай хууль дээр нийслэлийн төлөвлөлтийн асуудал, бүсчлэлийн асуудал, хот байгуулалтын бүсчлэлийн асуудлуудыг тусгасан учраас эрх зүйн баримт бичиг хоорондын уялдааг хангах талаас нь анхаарч ажиллахыг хүсэж байна.
Дагуул хот, хаяа хотын тухай асуудал гарч ир байгаа. Энэ асуудал хот байгуулалтын тухай хуульд бас гарч ирсэн. Хот төлөвлөлтийн мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсоход монгол улсын нутаг дэвсгэр, хүн амын тоо, суурь судалгаан дээр үндэслээд Монгол улсад тийм олон тооны хот байх шаардлагагүй. Хүн амын суурьшилтыг зөв төлөвлөх ёстой. Олон хотыг байгуулснаар үүнийг шийдвэрлэхгүй. Хот тосгоны хуулиар улсын зэрэглэлтэй хот, аймгийн зэрэглэлтэй хот гэдэг асуудал гарч ирж байна. Олон нэгжүүдийг бий болгохоосоо өмнө үндсэн хотоо хөгжүүлэх асуудал нь чухал юм байна гэж ойлгосон. Нийслэлийн төлөвлөлт буруу хийгдсэнээс дагуул хот, хаяа хот гэх асуудлууд үүсэн учраас цаашдаа нийслэлд л зөвхөн дөгуул хот байна гэдэг зохицуулалтаар явбал ямар вэ гэсэн саналыг өгч байна.
Эдийн засгийн зохицуулалтыг оруулсан байна. Концесс, ТХХТ, үнэт цаасны асуудал зэрэг яригдаж байна. Энэ асуудлууд бүгд өөрийн гэсэн бие даасан хуулиудаар зохицуулагдаж байгаа учраас тухайн хуульд холбож өгсөн байна. Концесс, ТХХТ-ийн асуудал хэрэгжилтийн шатандаа хэр асуудал үүсэхээргүй байх бол гэж бодож байна.
Бусад хуулиудтай уялдуулах асуудал дээр Нийслэлийн засаг даргын бүрэн эрх маш олон хууль дээр байдаг тэгэхээр давхардал, зөрчлийн судалгаа хийгдсэн байх гэж найдаж байна. Нийслэлийн ЗД-ийн бүрэн эрхтэй холбоотой, чиг үүргийн давхардалтай холбоотой судалгаанууд хэр хийгдэж хуулийн төсөл дээр орж ирж байгаа вэ?
Дагуул хотын асуудал гарч ирж байгаа тохиолдол шилжилтийн үеийн зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.